28.11.2011

СЭТГЭЛГЭЭНИЙ ШИНЭЧЛЭЛ


I
Сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх,түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй[1].

            Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар, хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид Монгол Улс 2000 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр нэгдэн орсон ба энэхүү конвенцид заасан эрүү шүүлтийн талаарх нэр томъёо, түүнтэй тэмцэх үр дүнтэй арга механизмыг дотоодын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах замаар нийцүүлэх ажил хийгдэж байгаа хэдий ч эхлэл төдий, эрүү шүүлттэй тэмцэхэд хууль, эрх зүйн орчин болон албан хаагчидын сэтгэлгээний шинэчлэлт хангалттай бүрдсэн гэж үзэхэд учир дутагдалтай.
            Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж буй бүхий л илрэл, хэлбэрүүдийг эрүүгийн хууль тогтоомжид хуульчлан тогтоох, мөн дээрх үйлдлийг хийж буй субъектүүдийг зөв тогтоож өгөх асуудал чухлаар тавигдаж байгаа бөгөөд иргэд, эрх бүхий албан тушаалтнуудын сэтгэлгээнд эрс шинэчлэл хийх нь нэн тэргүүний тулгамдсан зүйл болоод байна. 
           
Эрүүдэн шүүх гэдгийг та юу гэж ойлгодог вэ?

            “Эрүүдэн шүүх гэж хэн нэг хүн буюу гурав дахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчилах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ.”[2] гэж заасан байдаг.  
            Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй”, Монгол Улсын ЭБШХ-ийн 35, 36 дугаар зүйлийн 35.3, 36.4-т “Сэжигтэн, яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлон харьцаж болохгүй” хэмээн тус тус хуульчилсан. 
            Гэтэл манай Тагнуул, Цагдаагийн байгуулагын удирдах албан тушаалтнууд “Хэргийг нь хүлээлгэ !”, “Өөрөө хэргээ хүлээсэн юм уу?” гэх мэт асуултыг эрх бүхий субъектэд тавьдаг. Энэ асуулт нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа зүйл бөгөөд “хэргийг нь өөрөөр нь хүлээлгэсэн” баримт бичиг нь ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар “нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” юм.
            Сэжигтэн, яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болдог бөгөөд дан ганц хэргээ хүлээсэн баримт нь нотолгооны чанараа алдана. Мөн Прокурорын байгууллагын зарим хяналтын прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан хэргийн материалтай танилцаад цугларсан бусад нотлох баримтыг анхаарахгүй “Өөрөө хэргээ хүлээсэн байдал”-д нь чухал ач холбогдол өгдөг буруу сэтгэлгээ өнөөг хүртэл байсаар байна.
            Хэрэв сэжигтэн, яллагдагч өөрөө хэргээ хүлээсэн бол яллах дүгнэлтийг зоригтой үйлддэг, хэргээ хүлээгээгүй, хүлээлгэхгүйгээр бусад нотлох баримтаар эрүүгийн хэргийг нотолсон бол эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаадаг /мэдүүлгийн зөрүүг арилгах гэм мэт/, хэргийн хугацааг сунгаж, шалгагдаж буй этгээдэд хүндрэл учруулдаг зэрэг сөрөг үзэгдэл буюу “Сэтгэлгээний хоцрогдол” оршисоор байгаа юм.    

II
  “...сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн харуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй”[3]
           
            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх болон Гүйцэтгэх ажлын тухай хуулийн дагуу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд аливаа гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тодруулахдаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг яллах ба цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэг хүлээдэг.
            Гэтэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын ажлын ачаалал их, урамшууллын систем, ажил дүгнэх тогтолцоо нь зөв биш байгаагаас үүдэн эрүү шүүлт явуулах нөхцөл бүрдчээд байгаа юм.
            2008 оны 02 дугаар сард Шинжлэх ухааны академийн философи, социологийн хүрээлэнгээс хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын дунд явуулсан судалгаанаас үзэхэд оролцогчидын 52.7% нь “Ажлын ачаалал, дарамт их, цалин хөлс бага, урамшуулалын систем буруу”[4] гэсэн хариуг өгсөн байна. Энэ нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд хэргийг шалгахдаа цагаатгах болон буруутгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоолгүйгээр сэжиглэж буй этгээдийг гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон эсэхийг харгалзахгүйгээр хэрэг хүлээлгэхийг урьтал болгодог, гэрч, хохирогч болон бусад оролцогчидоос /хэрэгт авагдсан баримтад нийцүүлж/ хэргийн нөхцөл байдалд тохируулж мэдүүлэг /тайлбар/ гаргуулахыг оролдох, тэднийг мэдүүлгээ өөрчлөхийг шаардах, худал гэрчлүүлэх, мэдүүлгийн зөрүүг гаргах нэрээр олон дахин байцаах зэрэг оролдолгууд гардаг.
            Мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын ажлыг дүгнэх систем буруугаас эрүү шүүлт явагддаг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд аливаа гэмт явдлыг гүйцэтгэх ажлын шугамаар болон байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд үйл ажиллагаа явуулж яллах, буруутгах баримт сэлт цуглуулж холбогдох албадад шилжүүлбэл тэр нь ажлын үр дүн гэж үздэг. Гэтэл хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд гэмт явдалыг гүйцэтгэх ажлын шугамаар болон байцаан шийтгэх ажиллагааны хүрээнд үйлдэл, эс үйлдлийг  шалгаад тухайн сэжигтэн уг хэрэгт хамааралгүй болохыг нь тогтоогоод, холбогдох арга хэмжээг авбал ажлын үзүүлэлт буурдаг, ямар нэгэн хардлага, сэрдлэгэд өртдөг /сэжигтэн этгээдтэй хуйвалдсан, хахууль авсан, хэрэг замхаруулсан гэх мэт/. Хардлага, сэрдлэгэд өртөж, ажлын үзүүлэлтээ буруулж байхаар ямар нэгэн аргаар хэргээ дуусгаад дараагийн шатны байгууллага, албанд шилжүүлэе гэсэн байдлаар асуудалд ханддаг.
            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 193 дугаар зүйлийн 193.1.24-т зааснаар хяналтын прокурор бүрэн эрхийнхээ хүрээнд “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын захиргаанаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажллагааны талаар гаргасан тушаал, шийдвэр хуульд нийцэж байгаа эсэхийг хянах, зөрчсөн тушаал шийдвэрт эсэргүүцэл бичих” эрхтэй байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар хяналтын зарим нэг прокурор дээрх хууль зөрчсөн тушаал, шийдвэрийг мэдсээр атлаа төлөвлөгөөний дагуу тухайн байгууллагад очиж хэргээ зөв бүртгэж байгаа эсэх, эд мөрийн баримтын өрөө нь ямар байна гэх мэт бусад асуудлуудад ач холбогдол өгдөг сөрөг үзэгдэл буюу “Сэтгэлгээний хоцрогдол” оршисоор байна.     
           
Эцэст нь дүгнэхэд: 
            ЭБША-ны болон хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж хэрэг илрүүлэхийг урьтал болгодог хууль бус ажиллагаа гарсаар байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.        
            Хэргийг өөрөөр нь хүлээлгэ /Вишинскийн онол/ хэмээн үүрэг өгдөг, мэдүүлэг, тайлбар хүчээр авдаг, аливаа хэрэг шалгах асуудалд хувийн сонирхолоор хөндлөнгөөс оролцдог зэрэг нь Эрүү шүүлтийн нэг хэлбэр бөгөөд ажил дүгнэх систем, ажлын хэт их ачаалал, үндэслэлгүй хардлага, сэрдлэгэ нь эрүү шүүлт явуулах үндэс суурь мөн.
            Эрүүдэн шүүх хэлбэрээр сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр хэрэг хүлээлгэхийг урьтал болгодог энэхүү сэтгэлгээнд шинэчлэл хийх шаардлагатай байгаа ба, “Сэтгэлгээний шинэчлэл” гэдэг нь сэтгэхүйг өөрчлөх үйл явц бөгөөд сэтгэлгээний шинэчлэл хийж чадах юм бол ямар ч салбарт ажил урагштай, хүнд сурталгүй явагдах болно. Үүний тулд
-        Эрүүдэн шүүхийн эсрэг соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах,
-        Эрх бүхий албан тушаалтнуудыг мэргэжлийн сургалтанд хамруулах,
-        Сэжигтнээр өөрөөр нь хэрэг хүлээлгэж мэдүүлэг, тайлбар авдаг асуудлыг таслан зогсоох. /бусад нотлох баримтаар хэргийг нотлож хэвших/
-        Шалгаж буй аливаа асуудалд хувийн сонирхолоор хөндлөнгөөс оролцох, шалгах асуудалд саад учруулдагыг зогсоох, /мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээс бусад байдлаар/
-        Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнуудын ажил дүгнэх системийг өөрчлөх, /ур чадвар, авъяас хэрхэн гаргаж шалгасан гэх мэтээр нь үнэлэх/
-        Ажлын хэт ачааллыг зохистой байдлаар тэнцвэржүүлэх.
-        Ямар нэгэн баримт сэлт, шалгаж тогтоосон зүйлгүйгээр хардаж, сэрдэх асуудлыг таслан зогсоох. /үндэслэл бүхий баримт бичиг, материалд тулгуурлаж байх/ зэрэг зүйлийг нэн тэргүүнд хийх нь зүй болов уу.    

            Эдгээр зүйлийг нэн тэргүүнд хийж хэрэгжүүлснээр эрүүдэн шүүхийн тухай болон түүний хор уршиг, тэмцэх асуудлын талаар нэгдсэн ойлголттой болох, иргэд тухайн байгууллагын талаар зөв ойлголттой болох, эрх бүхий албан тушаалтан эрүүдэн шүүх, бусдад хүнд гэмтэл учруулах гэх мэт гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, ажлын үнэлгээг зөв дүгнэж, ажлын ачааллыг зохистой байдлаар тэнцвэржүүлж, шалгах асуудалд хувийн сонирхолоор хөндлөнгөөс оролцохгүй, үндэслэлгүйгээр хардаж сэрдэхгүй байснаар албан хаагчид гэмт явдлыг шалгахдаа ур чадвар, авъяас гаргахад оюун ухаанаа илүү их дайчлах, мэргэжлийн ур чадвар дээшлэх, удирдлагад итгэх итгэл нь нэмэгдэх, ажлын бүтээмж сайжрах гэх мэт сайн талтай хэмээн үзэж байна.  
        

[1]   Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хууль. 2002 он.. 35, 36 дугаар зүйл.
[2]   Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг.
[3]  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1
[4]  Эрүү шүүлттэй тэмцэх нь зөвлөлдөх уулзалт. 2008 он. 103-р тал.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen