Аливаа
асуудлыг бүр түүхээс нь, болж өгвөл үндсээс нь эхлэн судлан үзвэл илүү үр
өгөөжтэй болов уу. Иймийн тулд Монгол Улс Төрийн нууцын асуудлаа хэдийнээс эрх
зүйн баримт бичигт тусгаж байсан талаар судлахыг зорилоо.
Хууль
цаазын соёлын түүхэн уламжлалаараа дорно дахины нүүдлийн иргэншилт ард түмний
амьдрал, хэв заншлыг хуульчлан зохицуулах эх сурвалжийг анх бүтээлцсэн улс орны
тоонд орох монголчууд нь анхны төр улсынхаа төр, цэргийн нууцыг хуульчлан
тогтоож, зөрчигчдөд хатуу шийтгэл оногдуулж байсан байв[1].
Тухайлбал: Монголчуудын анхны бичмэл томоохон хууль болох “Их засаг” хуульд
“Хэн хүн хэвтүүлийн тоог асууж болохгүй, асуусан хүн сарвайн унасан морь,
тохсон эмээл, хэрэглэсэн хазаар, өмссөн хувцсыг нь хэвтүүлд өгнө, цэргийн
нууцыг задруулвал шийдэмдэж шийтгэнэ, онцгой нууц задруулбал цаазлана”[2]
гэх мэт заалтууд тусгагдсан байдаг байна.
Бидний
мэдэх ойрмогхоноос таслан үзвэл 1935 онд Сайд нарын
зөвлөлийн /цаашид “снз” гэж товчлох/ 521 дүгээр тогтоолоор “Хэвлэлд нийтлэх ба
радиогоор нэвтрүүлэхийг шууд хориглох зүйлүүдийн дэлгэрэнгүй жагсаалт” гэгчийг
баталжээ. Уг жагсаалтаар хэвлэлд нийтлэх ба радиогоор нэвтрүүлэхийг хориглох
зүйлийг
1. Улс төр,
үзэл суртлын шинж чанартай мэдээ баримтууд,
2. Цэргийн
чанартай мэдээ баримтууд,
3. Хүн амын
тухай мэдээ баримтууд,
4. Эдийн
засгийн шинж чанартай мэдээ баримтууд,
5. Бусад мэдээ баримтууд гэж ангийлсан байдаг.
Тухайлбал:
Хүн амын тухай мэдээ, баримтуудад “...улс ба аймаг, сум, багаар нас, эрэгтэй,
эмэгтэйгээр нь тодорхойлсон хүн амын тоо, үйлдвэр дээр гарсан осол гэмтлийн тоо
ба түүний жишээ баримт, ажилчин ангийн тоо, багш, сурагчдын дотор үзэгдсэн
моральд харштай жигшүүртэй явдлууд, аймаг, хотын улсын хэмжээгээр бага, дунд
сургуулиудад суралцаж байгаа эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тодорхой...” зэргийг
оруулсан юм.
1945 оны 7 дугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ын СнЗ-ийн 51 дүгээр тогтоолоор
“Улсын нууц болж, тусгайлан хамгаалагдах мэдээнүүдийн жагсаалт”-ыг баталсан нь
улсын нууцыг тогтоосон анхны акт гэж үзэж болох юм. Үүнээс өмнө зөвхөн хэвлэлд
нийтлэх, радиогоор нэвтрүүлэхийг шууд хориглох зүйлийн жагсаалтаар мэдээлэлд
хяналт тавьдаг байсан байжээ.
БНМАУ-ын СнЗ-ийн 1955 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Улсын нууц мэдээ
баримтуудын жагсаалтыг тогтоох тухай” 521 дүгээр тогтоол
батлагдсан байна. Уг тогтоолоор
1. Цэргийн шинж чанартай мэдээ баримтууд,
2. Эдийн засгийн чанартай мэдээнүүд,
3. Бусад төрлийн мэдээ баримтууд гэсэн гурван хүрээнд нууц мэдээ
баримтуудын жагсаалтыг баталсан байна.
Түүнчлэн БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн 1955 оны 12 дугаар сарын 15-ны
өдрийн 120 дугаар зарлигаар БНМАУ-ын нууцыг задруулбал хариуцлага хүлээлгэх
тухай заажээ. Уг зарлигаар улсын нууцад холбогдох мэдээ баримтуудыг өөрт нь
итгэмжилснээр буюу өөрийн албан тушаалын байдлаар эдгээр мэдээ баримтуудыг олж
авч чадах хүмүүсээс уг нууц мэдээ баримтуудыг задруулсан нь эх орноосоо уравсан
буюу тагнуул хийсэн гэж үзэх үндэсгүй бол зургаагаас арван хоёр жил хүртэл
хугацаагаар засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэх, улсын нууцад
холбогдох мэдээ баримтуудыг энгийн хүмүүсээс задруулсан нь эх орноосоо уравсан
буюу тагнуул хийсэн гэж үзэх үндэсгүй бол таваас арван жил хүртэл хугацаагаар засан
хүмүүжүүлэх хөдөлмөрийн лагерьт хорьж шийтгэхээр заасан байдаг.
СнЗ-ийн 1964 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын нууц бичиг баримтын товч
жагсаалт, зааврыг батлах тухай 258 дугаар тогтоол гарчээ. Уг тогтоолоор улсын
нууцыг “Маш нууц-онц чухал”, “Маш нууц”, “Нууц” гэсэн зэрэглэл тогтоожээ.
Энэ тогтоол нь 1992 он хүртэл үйлчилж байгаад Монгол
Улсын шинэ Үндсэн хуулийн агуулга, зарчим, эдийн засаг, нийгмийн харилцааны
шинэчлэл, өөрчлөлтийн бодлогод нийцүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын
1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар тогтоолоор хүчингүй болсон байна[3].
Улмаар 1995 онд “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын
жагсаалт батлах тухай” Монгол Улсын хуулийг УИХ-аар баталж байжээ.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen