30.04.2012

Шөнбрунны шилтгээн


Хааны удмынхны зуны энэхүү шилтгээн Вена хотын 13 дугаар дүүрэгт байрладаг бөгөөд хатан хаан Сисигийн ордон хэмээн алдаршсан.
Энд эзэн хаан Франц Йозеф болон гэргий Элизабет /Сиси/-ын амьдарч байсан өрөөнүүд, баяр ёслолын арга хэмжээ зохион байгуулдаг заал танхимуудыг үзэн сонирхох боломжтой. Энэ шилтгээн нь архитектур, баяр ёслолын өрөөнүүдийн гайхалтай хийц загвараараа алдартай ба 5 настай Моцарт уран бүтээлээ мөн энд тоглож үзүүлж байсан түүхтэй.
Шилтгээний цэцэрлэгт хүрээлэн нь зүүнээс баруун тийш 1,2 км, хойноос урагшаа 1 км талбайг эзлэн оршдог бөгөөд энд хун тайжийн цэцэрлэг, амьтны хүрээлэн, палмен хүрээлэн, ботаникийн хүрээлэнг үзэж болно. 1779 оноос Шөнбрунны цэцэрлэг нь Вена хотын ард иргэдэд нээлттэй болж, түүнээс хойш нийтийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болсон төдийгүй гадаадын жуулчдын сонирхлыг ихээр татдаг газрын нэг болжээ. Зөвхөн шилтгээнийг жилд 2 сая хүн, цэцэрлэгт хүрээлэн болон тэнд байрлах үйлчилгээний газруудаар жилд 6 сая хүн, нийтдээ 8 орчим сая хүн үзэн сонирхож, үйлчлүүлдэг байна.
Шилтгээн нь өдөр бүр 8.30-17.00 цагийн хооронд нээлттэй.