10.02.2012

Модуны хатуу захилга бат

Хүннү нарын хааныг Шаньюү гэнэ. МЭӨ 209 онд Модун хэмээх хаанхүү эцэг Түмэн шаньюүг хлж төрийн эрх мэдлийг авчээ. Домогт өгүүлснээр Модун өөрийн харвасан газарт цэргүүдээ харвуулж сургажээ. Нэг удаа тэрээр хайртай морио харвахад нэлээд хэдэн цэрэг түүнийг дагаж харвасангүй. Тушаал биелүүлээгүй болгоны толгойг авчээ. Дараа нэг өдөр эхнэрээ харвав. Энэ хачин үйлдлийн учрыг ололгүй алмайран хоцорч харвахаа мартсан хэдэн цэрэг мөн толгойгүй болов. Эцэст нь тэрээр хаан эцгээ харвахад Модуны цэргийн үй олон сум шаньюүгийн биед багтахгүй болтлоо шивэн сүлбэжээ. Ингэж тэрээр цэргийн ардчиллыг зөрчин төрийн   эргэлт хийж шаньюү болсон аж. Цэргийн авъяаслаг жанжин Модун зөвхөн шаньюү болохын тулд эцгээ алсангүй. Цинь улсыг довтолж цагаан хэрмийг нэвтлэх чадвар бүхий хүчирхэг гүрнийг байгуулах алсын зорилготой байсан ба үүний тулд зохион байгуулах асар их өөрчлөл хэрэгтэй атал Түмэн шаньюү түүнийг нь ойлгодоггүй юм уу эсвэл чадваргүй байсан бололтой. Модун тэр дороо шинэчлэл хийж эхлэв. Нутгаа 3 хуваан төвийн хэсгээ өөрөө захирах ба солгой талаа илүү эрхэмлэдэг нүүдэлчний заншлаар зүүн хэсгийг Жүки ван ахлан захирч, баруун хэсгийг Лүли ван захирах болов. Энэ 2 ван тус бүрдээ түмтийн ноёныг захирдаг байсан ба Хүннү улс нийт 24 түмттэй байсан гэж бодоход Модун нийтдээ 240 мянган цэрэгтэй байжээ. Түмт нь цаашаа мянгат, зуут, аравтад хуваагдана. Энэхүү цэргийн зохион байгуулалтын Аравтын систем төв азийн нүүдэлчний дунд асар эрт тогтсон, галт зэвсэг гарч ирэх хүртэлх үеийн хамгийн сайн зохион байгуулалт байсныг түүх гэрчилнэ. Нэгж болгоны удирдагч дээд шатны даргын өмнө өөрийн толгойгоор хариуцлага хүлээхээс гадна цэрэг бүр өөрийн аравтын бусад цэргийн өмнөөс хариуцлага хүлээдэг байсан нь цэргийн төмөр мэт хатуу сахилга бат буй болох үндэс болжээ. Модун цэрэг зохион байгуулах шинэчлэл хийгээд гуравхан жилийн дараа өөрийн гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг уулгалан дайрч эзлэв. Улмаар Цинь династийн баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгээд өмнө тийш цагаан хэрмийн тийш хөдөллөө. Модуны үед Хүннү улс хүчирхэгийнхээ дээд цэгт тулж баруун цагт Түэгстан, зүүн зүгт Ляо гол буюу одоогийн Ордос, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг их шаньюүгийн зарлиг доргиож байлаа. Үүгээр үл барам үргэлжийн довтолгоонд нь ядарч туйлдсан Хань династи түүнд алба гувчуур өргөдөг болов.  
Баабар “Монголчууд нүүдэл суудал” 1-р дэвтэр 25 тал    

Захидал харилцааны хяналт

Тагнуулын ажиллагааны арга, заль мэх, төрөл хэлбэр, хүч, хэрэгсэл нь цаг үеийн шаардлагатайгаа нөхцөлдөн баяжин боловсронгуй болсоор байв. Үүний нэгэн илэрхийлэл нь сөрөх тагнуулын мэдээ, баримт сэлт олж авах арга болох захидал харилцааны хяналтыг буй болгосон явдал юм. Захидал харилцааг хянах аргыг анх Македоны Александр санаачилсан гэдэг. Персийн Дария хааны эсрэг аян дайны өдрүүдэд цэргийн бие бүрэлдэхүүнийх нь сэтгэл санаа нэг л дундуур байгааг мэдэрч, учрыг олохоор шийджээ. Тэрээр эцэг, эх, ойр дотныхондоо захидал бичихийг хориглосон тушаалаа /аян дайнд мордохынхоо өмнө тушаалыг гаргажээ/ хүчингүй болгосон байна. Цэргүүд ч гэр орондоо захидал бичиж тэдгээрийг хүргэхээр авч явсан элчийг замаас нь нууцаар буцаан ирүүлж, захидлуудыг нарийвчлан судалснаар армийнхаа бэлэн байдалд оршиж байсан дутагдал, дайчдын сэтгэлийг зовоож буй асуудал, тэдгээрийн шалтгаан, хаан эзний зарлигийг эсэргүүцсэн яриа өгүүлэл, гаргагчдыг тогтоон шаардлагатай арга хэмжээ авчээ. Ингэж захидал харилцааны хяналтын аргын эх үүсэл тавигджээ. 
А.Алтанхуяг "Туршуулч" 2002 он. 15 тал. 

05.02.2012

... ахаа бидний хөл өвдөж байна


... Би нэг удаа дэлгүүрт ороод хүүхдийн түрийтэй гутал харсан чинь бахиалны түрийний материалаар хийсэн байлаа. Гэртээ бөөн уур ирээд хамгаалагчаараа хоёр хос түрийтэй гутал авахууллаа. Нэг хосыг нь “Дамдин ахаа бидний хөл өвдөж байна” гэсэн бичигтэйгээр үйлдвэрийн яамны сайд Дамдинд, нөгөө хосыг нь Цэдэнбалд “Цэдэнбал ахаа бидний хөл өвдөж байна” гэсэн бичигтэй явууллаа. Тэгсэн тэр нь Дамдины яг төрсөн өдрөөр таарсан юмсанж. Дараа нь өөрөө надад ярьж байсан: “Гоё хайрцаг аваад ирэхээр нь Анастасия Ивановна надад бэлэг явуулж дээ гэж санаад задлаад харсан чинь хүүхдийн гутал... Цэдэнбал дарга дээр ороод хэлсэн чинь дарга урдаас: “Би ч гэсэн ийм бэлэг авсан”гээд инээж байна” гээд ... харин хоёр, гурван долоо хоногийн дараа Улаанбаатарын гутлын үйлдвэрээс хүүхдийн гутлын шинэ загварууд ирүүлсэн, тэгэхдээ бүр ямар байсан гэж санана. Европт ч гологдохооргүй байлаа.        
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 276 тал.