Posts mit dem Label Төрийн нууц werden angezeigt. Alle Posts anzeigen
Posts mit dem Label Төрийн нууц werden angezeigt. Alle Posts anzeigen

24.04.2013

Төрийн нууцын үнэ цэнэ



Үнэ цэнэ. Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ, ардчилалын үнэ цэнэ, төмөр замын үнэ цэнэ гээд олон үнэ цэнийн тухай бид ярьдаг, бичдэг. Энэ бүгдийн суурь үнэ цэнэ бол Монгол Улсын Төрийн нууц мэдээлэл гэж би боддог.

Төрийн нууц мэдээллийн үнэ цэнийг хадгалж, хамгаалж чадвал Үндэсний аюулгүй байдлаа баталгаатай хангаж, даяаршилын давалгаанд тэсэж гарах, өөрийн онцлогоо авч үлдэх төдийгүй давуу байдал олж авч хөгжинө. Эс тэгвээс дээрх бүх үнэ цэний талаар ярих нь утгагүй бөгөөд бололцоогүй юм.

I

Нууц мэдээллийн бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлснээр олон улсад өрсөлдөх чадвартай төдийгүй тэргүүлэх гүрэн болж хөгжсөн улсуудын нэг бол манай урд хөрш БНХАУ юм.

БНХАУ шинэ тутам үүсэж буй нөхцөл байдалд төрийн нууц мэдээллийн харилцааг зохицуулах, шинэ шатанд гаргах, шинэчлэл, хөгжлийн суурь баримт бичиг болгох үүднээс 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн БНХАУ-ын 11 дэх удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны 14 дүгээр хурлаар “БНХАУ-ын төрийн нууцыг хамгаалах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн нууц нь аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, өөрчлөлт шинэчлэл болон социалист бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд оршино[1]” гэж зааснаас тодорхой харж болно.

2012 оны 12 дугаар сард Бээжин хотод хуралдсан БНХАУ-ын Нууц хамгаалах төв зөвлөлийн их хурлаар 2012 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, 2013 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний тухай товч танилцуулга хийсэн байна.

БНХАУ-ын Нууц хамгаалах газар 2012 онд “1. Намын 18-р их хурлын нууц хамгаалах ажлыг амжилттай сайн гүйцэтгэсэн. Их хурлын бэлтгэл болон хуралдааны үеэр нууц задарсан асуудал үүсээгүй, нууцад халдах оролдлогууд гарч байсан ч түүнийг шийдвэрлэх сайн туршлага хуримтлуулсан. 2.Төв байгууллагын нууц хамгаалах бодлого, шийдвэрийг сайтар хэрэгжүүлж ажилласан. 12-р таван жилийн хугацаанд улс даяар төрийн нууц хамгаалах ажлыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж 31 аймаг (бүс, хот) болон Шинжиан, 164 төв, байгууллага, салбарт хуулбарлан тараасан. Шинэчлэн найруулсан нууц хамгаалах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, нууц задарч, алдагдахаас урьдчилан сэргийлж ажилласан. 3.Өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулсан. Бүх талын хяналт шалгалт, сургалтыг эрчимтэй явуулж, шинээр гарсан нууц хамгаалах техник, технологийн дэвшлээс суралцаж, интернетийн орчинд нууц задрахаас хамгаалах асуудалд анхаарч, судалгаа шинжилгээ хийж ажилласан” зэргийг онцолсон байна. Харин 2013 оны төлөвлөгөөндөө “Шинэчлэн найруулсан төрийн нууц хамгаалах хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, интернетийн орчин дахь нууц хамгаалах ажлыг тасралтгүй хөгжүүлж, шинэ шатанд гаргана”[2] хэмээн дурьджээ.

II

Төрийн нууц мэдээллийн үнэ цэнийг буруулдаг гол зүйл бол хэт нууцлах явдал байдаг. Учир нь хэт нууцлалын үр дагавар нь олон нийтийн төрд итгэх итгэлийг алдагдуулахын зэрэгцээ авилга, хээл хахууль, буруу удирдлага, хууль бус төсвийн зарцуулалтыг нуун далдлах, улс төрийн хууль бус хэлцэл, хүний эрх зөрчих зэрэг хэрэг зөрчлийг үүсгэдэг.  

Төр засаг хэт нууцлалыг тэргүүнд тавьж үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлэхгүй эсвэл худал мэдээлбэл төр засгийн итгэл төрүүлэх байдал ганхаж, аливаа үйл ажиллагаанд олон нийтийн дэмжлэг олж авахад хүнд байх төдийгүй нууцлах зайлшгүй шаардлагатай мэдээллийн хамгаалалт, анхаарлыг сулруулдаг хор уршигтай. Энэхүү шууд бус хохиролоос гадна шууд мөнгөн хохирол үүсдэг байна. Тухайлбал 2011 онд АНУ-ын Засгийн газар ТТГ болон тагнуулын 5 агентлагийг оролцуулалгүйгээр 41 гүйцэтгэх хороог хамруулж тооцоолоход нууц хамгаалах ажилд 11.4 тэрбум ам. доллар зарцуулсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн тооцоо гарчээ[3].


Дүгнэлт:

Мэдээллийн эрх чөлөө нь ардчилсан улс орны оршин тогтнох чухал нөхцөл мөн. Төрийн нууц мэдээллийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд хүний эрхийн зарим заалтууд бүрэн биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр хязгаарлагдана. Энэ нь ч зүй ёсных байх. Учир нь улс орны эрх ашиг, хувь хүний зарим эрх ашиг нэг шугаманд орших боломжгүй бөгөөд энэ үед улсын эрх ашгийг хувь хүний зарим эрх ашгаас дээгүүр тавьснаар зүй ёсных болно.

Хэдийгээр БНХАУ-ыг мэдээллийн эрх чөлөө, хүний зарим эрхийг ноцтой зөрчдөг хэмээн олон улс буруутгадаг ч нууц мэдээллийн бодлогоо зөв тодорхойлж, цаг алдалгүй шинэчилж, хөгжүүлж чадсанаар Үндэсний аюулгүй байдлаа баталгаатай хангаж, олон улсын тавцанд давуу байдал олж, хөгжиж байгаа гүрэн юм.

Манай улс 1995 онд “Төрийн нууцын тухай” хуулийг батлан гаргасан цагаас хойш 18 жил өнгөрч байна. Энэ хугацаанд зарчмын чанартай өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй. Шинэ тутам үүсэж буй нөхцөл байдлыг хуучин эрх зүйн баримт бичиг, сэтгэлгээгээр шийдвэрлэж болохгүй учир сэтгэлгээгээ өөрчлөх, улмаар эрх зүйн баримт бичгээ цогцоор нь шинэчлэх шаардлага тулгараад байна.

Төрийн нууц мэдээллийн бодлого, хүний эрх, мэдээллийн эрх чөлөөний тэнцвэрт байдлыг зохистой түвшинд хүргэсэн шинэ эрх зүйн баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлж чадвал манай улс дотооддоо аюулгүй байдлаа бүрэн хангаж, гадаадад “сонирхолтой”, “өрсөлдөхүйц” тоглогч болох боломжтой юм. Ингэхийн тулд энэ салбарт тэргүүлж буй улс орны эрх зүйн баримт бичиг, туршлагыг судлаж, дүн шинжилгээ хийж өөрийн орны онцлогт тохирсон баримт бичиг, арга ажиллагаатай болох нь чухал юм.


[1]中华人民共和国保守国家秘密法第二条
[2]www.baomi.org.全国保密工作会议在北京召开

17.03.2013

Нууцлах хэнээрхэл


БНАГУ-ын Гадаад тагнуулын албаны дарга асан Маркус Вольф[1] дурсамж номондоо ЗХУ-ыг “Нууцлах хэнээрхэл”-тэй хэмээн дурдсан байдаг.
Тэгвэл Монгол улс “Нууцлах хэнээрхэл”-тэй улс мөн үү гэвэл мөн гэж хариулж болно. Учир нь төрийн нууцын тухай, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас эхлэн нийт 18 хуульд бүхий л салбарын янз бүрийн мэдээллийг нууцлах тухай тусгасан байдаг ч нууц мэдээллийг ил болгох эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байдаг. Харин УИХ нууц мэдээллийг ил болгох шийдвэр гаргаж байгаагүй гэхэд болно. Ийм нөхцөлд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ эдлэх боломж хязгаарлагдмал байсаар байх болно.

“Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулиуд цаг үеэсээ хоцорсон, нууцлах хүрээ өргөн, тодорхойгүй гээд олон асуудлын талаар “Глоб интернэшнл”, “Нээлттэй нийгэм форум”-аас явуулсан судалгаа, тайлангуудад олонтаа дурьдсан байдаг. Магадгүй дээр дурьдсан сөрөг асуудлуудын үндэс нь “Байгууллагын нууцын тухай” хууль юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”[2] хэмээн заасан байдаг.
Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу 1995 онд УИХ “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулиудтай хамт “Байгууллагын нууцын тухай” хуулийг батлан гаргасан. Өөрөөр хэлбэл төр нууцтай, түүний байгууллагууд нууцтай байна гэсэн үг.

“Төр бол тодорхой эрх зүйт дэг журмыг сахиулж байхын тулд жам ёсоор үүсэн гарч ирсэн эрх мэдлийн байгууллага” гэсэн тодорхойлолт байдаг.
Тэгэхээр төрийн байгууллага бол төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс тодорхой мэдээллийг нууцлах бол хууль, журмын дагуу төрийн нууцад хамааруулж болмоор.

Байгууллагын нууц[3]ын тухай ойлголтыг гол төлөв бизнесийн үйл ажиллагаанд хамааруулах шүүхийн практик хандлага нийтлэг байгаа бөгөөд дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байхыг шаарддаг байна.
-       Мэдээлэл нь тодорхой нэг хуулийн этгээд, ямар нэгэн бизнесийн байгууллагатай шууд холбоотой байх,
-       Тухайн мэдээлэл нь нээлттэй биш байх, өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал тооны этгээдүүд мэдэж байх,
-       Бизнесийн байгууллагын эзэмшигч нууц болгон хадгалах хүсэлт гаргасан байх,
-       Бизнесийн байгууллага ажилтантай гэрээ байгуулан байгууллагын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээлгэн, зохицуулалт хийх[4] зэрэг юм.

Энэхүү шаардлага нь гол төлөв аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, түүний бизнесийн нууцын асуудлууд байх тул “Аж ахуйн нэгжийн тухай” хууль болон “Компаний тухай” хуулиудаар зохицуулах боломжтой юм.
Харин шаардлагатай тохиолдолд хувь хүн, аж ахуйн нэгжийн нууц мэдээллийг төрийн нууц мэдээлэлд хамааруулж болох бөгөөд ингэхдээ хувь хүн, аж ахуй нэгжтэй тохиролцох ба эс тохиролцвол албадлагаар төрийн нууц мэдээлэлд хамааруулж, зардлыг төрөөс гаргаж болмоор.  

Гадаад орнуудад байгууллагын нууц гэх ойлголт бараг байхгүй бөгөөд конфиденциаль мэдээлэл гэж байдаг. Үүнд: Албаны нууц, бизнесийн нууц, цэргийн нууц, мөрдөн байцаах ажиллагааны нууц, шүүхийн нууц, банкны нууц, мэргэжлийн нууц, татварын нууцыг хамааруулж ойлгодог. Харин мэргэжлийн нууцад: Эмчийн, холбооны, өмгөөлөгчийн, даатгалын, иргэний бүртгэлийн, үрчлэлийн, нотариатын нууцыг хамааруулж 30 орчим нууцын төрлийг хуульчлан зохицуулсан байдаг байна.

Манай улсын хувьд Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож төрийн нууцын тухай хуульд “Албаны нууц” гэсэн зэрэглэл нэмж оруулснаар дээрх сөрөг үр дагаврыг багасгах гарц байж болохыг судлаачийн хувьд үгүйсгэхгүй байна.

“Нууцлах хэнээрхэл”-тэй болгож буй дараагийн асуудал бол төрийн нууц мэдээлэлд хамааруулж болохгүй мэдээллийн тухай ойлголт юм.
Манай улсын хуулинд ийм ойлголт байхгүй бөгөөд гадаадын олон улсад үүнийг хуулиндаа тусгасан байдаг. Тухайлбал:

Төрийн нууцын тухай Литва улсын хуульд дараахь зүйлсийг төрийн нууцад хамааруулах ёсгүй гэж заажээ:
-       Эдийн засаг, санхүүгийн байдал, эрүүл мэндийн халамж, боловсрол, экологи, нийгэм, хүн амын байдал, нийгмийн судалгааны талаархи статистик мэдээ;
-       Байгалийн аюул, гамшиг, түүний үр дагаврын талаархи мэдээлэл;
-       Гэмт хэргийн үүсэл гарлын байдал, авилгал, албан хаагчдын хууль бус үйлдэл, хүний эрхийн зөрчлийн талаархи мэдээлэл;
-       Хөдөлмөрийн зах зээл, олон нийтийн байгууллагын албан хаагч, ажилтнуудын цалин, хангамж, баталгааны талаархи мэдээлэл;
-       Литва улсын төсвийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл;
-       Нуун дарагдуулснаар хүний эрх зөрчихөд хүргэхүйц мэдээлэл.

ОХУ-ын Төрийн нууцын тухай хууль нь дээрх жагсаалтаас гадна алт, мөнгөн тэмдэгтийн нөөц ба Засгийн газрын өндөр дээд албан тушаалтны эрүүл мэндийн байдал нь төрийн нууцад хамаарахгүй аж. Ийм мэдээллийг төрийн нууцад хууль бусаар оруулсан албан тушаалтанд захиргаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Беларус улсын нууцын тухай хуульд “Тухайн мэдээллийг алдсанаас үүсэх зардал нь нууц байдалд нь хадгалсаар байх зардлаас бага байвал тэр мэдээллийг төрийн нууцад хамруулах ёсгүй” гэсэн онцлог заалт байдаг байна.  

Казахстаны нууц мэдээллийн тухай хуульд “Архивын материал болон хэлмэгдүүлэлтэд хамаарах материалыг төрийн нууцад хамааруулах ёсгүй”  гэдэг заалт орсон байдаг. Гүржид дээрх заалт, мөн “газрын зураг”, “эрх зүйн акт”-ыг төрийн нууцад хамруулж болохгүйд хүргэсэн заалт байна.

“Нууцлах хэнээрхэл”-ээс салах эхний алхам бол Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож төрийн нууцын тухай хуульд “Албаны нууц” гэсэн зэрэглэл нэмэх, нууцалж болохгүй мэдээллийн жагсаалтыг хуульчлах явдал гэсэн дүгнэлтэд хүрч болно.


[1] Маркус Вольф “Нүүр нь үл харагдагч хүн” 2002 он. Улаанбаатар хот. (Орчуулсан О.Бямбаа, Г.Дашдаваа)
[2] Монгол Улсын Үндсэн хууль 1992 он.
[3]  “Байгууллагын нууц” гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
[4] Нээлттэй нийгэм форум “Төрийн нууцын тухай өнөөгийн хандлагыг өөрчлөх замаар иргэдийн мэдэх эрхийг хангах нь” 2010 он.