17.03.2013

Нууцлах хэнээрхэл


БНАГУ-ын Гадаад тагнуулын албаны дарга асан Маркус Вольф[1] дурсамж номондоо ЗХУ-ыг “Нууцлах хэнээрхэл”-тэй хэмээн дурдсан байдаг.
Тэгвэл Монгол улс “Нууцлах хэнээрхэл”-тэй улс мөн үү гэвэл мөн гэж хариулж болно. Учир нь төрийн нууцын тухай, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас эхлэн нийт 18 хуульд бүхий л салбарын янз бүрийн мэдээллийг нууцлах тухай тусгасан байдаг ч нууц мэдээллийг ил болгох эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байдаг. Харин УИХ нууц мэдээллийг ил болгох шийдвэр гаргаж байгаагүй гэхэд болно. Ийм нөхцөлд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ эдлэх боломж хязгаарлагдмал байсаар байх болно.

“Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулиуд цаг үеэсээ хоцорсон, нууцлах хүрээ өргөн, тодорхойгүй гээд олон асуудлын талаар “Глоб интернэшнл”, “Нээлттэй нийгэм форум”-аас явуулсан судалгаа, тайлангуудад олонтаа дурьдсан байдаг. Магадгүй дээр дурьдсан сөрөг асуудлуудын үндэс нь “Байгууллагын нууцын тухай” хууль юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”[2] хэмээн заасан байдаг.
Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу 1995 онд УИХ “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулиудтай хамт “Байгууллагын нууцын тухай” хуулийг батлан гаргасан. Өөрөөр хэлбэл төр нууцтай, түүний байгууллагууд нууцтай байна гэсэн үг.

“Төр бол тодорхой эрх зүйт дэг журмыг сахиулж байхын тулд жам ёсоор үүсэн гарч ирсэн эрх мэдлийн байгууллага” гэсэн тодорхойлолт байдаг.
Тэгэхээр төрийн байгууллага бол төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс тодорхой мэдээллийг нууцлах бол хууль, журмын дагуу төрийн нууцад хамааруулж болмоор.

Байгууллагын нууц[3]ын тухай ойлголтыг гол төлөв бизнесийн үйл ажиллагаанд хамааруулах шүүхийн практик хандлага нийтлэг байгаа бөгөөд дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байхыг шаарддаг байна.
-       Мэдээлэл нь тодорхой нэг хуулийн этгээд, ямар нэгэн бизнесийн байгууллагатай шууд холбоотой байх,
-       Тухайн мэдээлэл нь нээлттэй биш байх, өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал тооны этгээдүүд мэдэж байх,
-       Бизнесийн байгууллагын эзэмшигч нууц болгон хадгалах хүсэлт гаргасан байх,
-       Бизнесийн байгууллага ажилтантай гэрээ байгуулан байгууллагын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээлгэн, зохицуулалт хийх[4] зэрэг юм.

Энэхүү шаардлага нь гол төлөв аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, түүний бизнесийн нууцын асуудлууд байх тул “Аж ахуйн нэгжийн тухай” хууль болон “Компаний тухай” хуулиудаар зохицуулах боломжтой юм.
Харин шаардлагатай тохиолдолд хувь хүн, аж ахуйн нэгжийн нууц мэдээллийг төрийн нууц мэдээлэлд хамааруулж болох бөгөөд ингэхдээ хувь хүн, аж ахуй нэгжтэй тохиролцох ба эс тохиролцвол албадлагаар төрийн нууц мэдээлэлд хамааруулж, зардлыг төрөөс гаргаж болмоор.  

Гадаад орнуудад байгууллагын нууц гэх ойлголт бараг байхгүй бөгөөд конфиденциаль мэдээлэл гэж байдаг. Үүнд: Албаны нууц, бизнесийн нууц, цэргийн нууц, мөрдөн байцаах ажиллагааны нууц, шүүхийн нууц, банкны нууц, мэргэжлийн нууц, татварын нууцыг хамааруулж ойлгодог. Харин мэргэжлийн нууцад: Эмчийн, холбооны, өмгөөлөгчийн, даатгалын, иргэний бүртгэлийн, үрчлэлийн, нотариатын нууцыг хамааруулж 30 орчим нууцын төрлийг хуульчлан зохицуулсан байдаг байна.

Манай улсын хувьд Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож төрийн нууцын тухай хуульд “Албаны нууц” гэсэн зэрэглэл нэмж оруулснаар дээрх сөрөг үр дагаврыг багасгах гарц байж болохыг судлаачийн хувьд үгүйсгэхгүй байна.

“Нууцлах хэнээрхэл”-тэй болгож буй дараагийн асуудал бол төрийн нууц мэдээлэлд хамааруулж болохгүй мэдээллийн тухай ойлголт юм.
Манай улсын хуулинд ийм ойлголт байхгүй бөгөөд гадаадын олон улсад үүнийг хуулиндаа тусгасан байдаг. Тухайлбал:

Төрийн нууцын тухай Литва улсын хуульд дараахь зүйлсийг төрийн нууцад хамааруулах ёсгүй гэж заажээ:
-       Эдийн засаг, санхүүгийн байдал, эрүүл мэндийн халамж, боловсрол, экологи, нийгэм, хүн амын байдал, нийгмийн судалгааны талаархи статистик мэдээ;
-       Байгалийн аюул, гамшиг, түүний үр дагаврын талаархи мэдээлэл;
-       Гэмт хэргийн үүсэл гарлын байдал, авилгал, албан хаагчдын хууль бус үйлдэл, хүний эрхийн зөрчлийн талаархи мэдээлэл;
-       Хөдөлмөрийн зах зээл, олон нийтийн байгууллагын албан хаагч, ажилтнуудын цалин, хангамж, баталгааны талаархи мэдээлэл;
-       Литва улсын төсвийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл;
-       Нуун дарагдуулснаар хүний эрх зөрчихөд хүргэхүйц мэдээлэл.

ОХУ-ын Төрийн нууцын тухай хууль нь дээрх жагсаалтаас гадна алт, мөнгөн тэмдэгтийн нөөц ба Засгийн газрын өндөр дээд албан тушаалтны эрүүл мэндийн байдал нь төрийн нууцад хамаарахгүй аж. Ийм мэдээллийг төрийн нууцад хууль бусаар оруулсан албан тушаалтанд захиргаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Беларус улсын нууцын тухай хуульд “Тухайн мэдээллийг алдсанаас үүсэх зардал нь нууц байдалд нь хадгалсаар байх зардлаас бага байвал тэр мэдээллийг төрийн нууцад хамруулах ёсгүй” гэсэн онцлог заалт байдаг байна.  

Казахстаны нууц мэдээллийн тухай хуульд “Архивын материал болон хэлмэгдүүлэлтэд хамаарах материалыг төрийн нууцад хамааруулах ёсгүй”  гэдэг заалт орсон байдаг. Гүржид дээрх заалт, мөн “газрын зураг”, “эрх зүйн акт”-ыг төрийн нууцад хамруулж болохгүйд хүргэсэн заалт байна.

“Нууцлах хэнээрхэл”-ээс салах эхний алхам бол Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож төрийн нууцын тухай хуульд “Албаны нууц” гэсэн зэрэглэл нэмэх, нууцалж болохгүй мэдээллийн жагсаалтыг хуульчлах явдал гэсэн дүгнэлтэд хүрч болно.


[1] Маркус Вольф “Нүүр нь үл харагдагч хүн” 2002 он. Улаанбаатар хот. (Орчуулсан О.Бямбаа, Г.Дашдаваа)
[2] Монгол Улсын Үндсэн хууль 1992 он.
[3]  “Байгууллагын нууц” гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
[4] Нээлттэй нийгэм форум “Төрийн нууцын тухай өнөөгийн хандлагыг өөрчлөх замаар иргэдийн мэдэх эрхийг хангах нь” 2010 он.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen