03.02.2013

Монгол Улсын эзэн хаан Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгчийн захидлын хариуд


Монгол улсын Эзэн хаан 1913 оны 2 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгч Юань Шикайгийн захидлын хариуг ийнхүү өгчөө.

“Ноён Ерөнхийлөгч Юань Шикай танаа. Нэг дээд засаглалтай хүмүүс өөр хоорондоо гэрээ байгуулж байсан тухай Та огт сонсож байгаагүй гэж бичсэн цахилгаантай би танилцлаа. Гэхдээ Англи, Америк бие даасан улс болж, Англитай гэрээ байгуулсан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр болохыг та мэдэхгүй гэж үү? Энэ нь тэр хоёр улс тус тусдаа хүчирхэг төр улс болоход саад болоогүй бөгөөд Англи улс өрөвдөхийн эрхээр Америкт бие даасан байдлын үндэс суурийг өгсөн гэж огтхон ч яригддаггүй билээ. Та өөрийнхөө улсын дэмий л өндөрт өргөж, төр улсыг төвхнүүлэн байгуулах үйл хэрэгт санаа тавьж байгаа мэт өгүүлж байна. Энэ бол нэр төрөө дээдлэх үндсэн дүрэм журмыг зөрчсөн хэрэг. Төр улсаа байгуулсан хүмүүсийг хорон санаатай, өөдгүй муухай амьтад гэж хэлэх нь Бүгд найрамдах улсын үзэл санаатай харшлахгүй байна гэж үү ? “Ховдод болсон тулалдааны үеэр монголчууд Пу Жунийг (хотын захирагч) барьж авсан ч амийг нь хороолгүй, тулалдаанд оролцсон 600 хүний нь хамт суллаж явуулсан билээ. Ховдын тулалдааны үеэр хүмүүс алагдсан ч Ховдыг эзэлсний дараа ганц ч хүн амиа алдаагүй. Харин танай цэрэг Засагт вангийн хошуунд болсон байлдааны үеэр зөвхөн эрчүүдийг төдийгүй, өдий төдий эхнэр, хүүхдүүдийг алж, вангийн өргөөг сүйтгэсэн байна. Энэхүү харгислал сонин хэвлэлд нийтлэгдэж, харь улс гүрнүүдийн гайхширал, асуултыг төрүүлсэн билээ.  Ховдын тулаан болохоос өмнө Эрхэм Сайд та манай засгийн газрын элч Төмөржин болон бусдыг нь Ховдод цаазлах тушаал буулгаж, олон улсын хууль цааз хийгээд хүнлэг энэрэнгүй ёсыг өчүүхэн ч хайхраагүй өнгөрсөн бол манай засгийн газар Пу Жинийг барьсан ч цаазлаагүйгээр үл барам, эх оронруу нь илгээсэн болно. 
         Дэлхий ертөнц үнэн хэрэгтээ хэн өөдгүй муухай, хорон санаатай, хэн нь энэрэнгүй зөөлөн, бас хэн нь хулгайч, дээрэмчинтэй илүү адилхан болохыг чин шударгаар үнэлж дүгнэх цаг ирнэ.” Өвөрлөгч чуулгануудын ван, гүнгүүд бэлэг сэлт өргөн барьж, Бүгд найрамдах улсад нэгдэж байгааг та дурьдсан нь тун ч авцалдаагүй болж. Учир нь энэ хүмүүс дарамтанд орж ингэхээс өөр аргагүй болсон нь бүгдэд илэрхий билээ. Бид бие даасан тухайгаа улс гүрнүүдэд нэгэнт тунхаглан зарласан болохоор дахин давтах нь илүүц биз. Чин улс төр барих эрх мэдлээ Хятадын ард түмэнд өгч, ард түмэн түүнийг танд атгуулсан тухайд гэвэл бэлбэсэн хатан болон өнчин хүүхдүүд (хатан хаан, залуу эзэн хаан) бусдын (Юань Шикайн) ов мэхний золиос болж, төр улсаа алдсаныг бүгд л мэдэх билээ. Ялангуяа анд нөхрийнхөө зөвлөгөөг үл хэрэгсэж, төр улсаа яаран худалдсан хатан хаан Лу-нюй-хуан-тай зу Дай Чин улсын өмнө жинхэнэ гэмт хэрэгтэн болсон юм. Энэ асуудлыг түүх шийдэх буй за. Таныг байдлыг эргэцүүлэн бодоход бусдыг өдөөн хатгах маягаар аашилж авирлахаас аль болохоор түдгэлзэх нь хамгийн сайн хэрэг бөгөөд Хятадын сайхан ард түмнийг дахин шинэ гай зовлон нэрвэхгүй байхад чиглэсэн бодлого дотооддоо явуулахад санаа тавьж, хятадууд таныг Лу мужийг өөрийн болгосны дараа дахиад бас Шу мужид санаархаж байгаагийн чинь төлөө яг л шийгуй шиг хэсэглэн хуваахаас болгоомжлох нь зохистой болов уу. Та өөрийнхөө санаа бодлыг чин сэтгэлээсээ илэрхийлж байгаагаа цахилгаандаа илэрхийлсэн учир бид ч гэсэн өөрийнхөө санаа бодлыг илэн далангуй хэлж буй болно. Монгол Улсын эзэн хаан илгээв.

И.Я.Коростовец “Монголд өнгөрүүлсэн есөн сар” 289-р тал 

30.01.2013

Хятад улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын хаанд илгээсэн захидал


Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгч Юань Шикайгаас 1913 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол улсын Эзэн хаан, Хутагтад хаяглан ирүүлсэн цахилгааныг танилцуулъя.

“Хүндэт Ламтаан. Өргөө Хятад улсаас салан тусгаарлагдах ёсгүй гэдгийг би нэг бус удаа тодорхой хэлж байсан билээ. Өмнөх Чин улс удирдлагын дээд эрхийг Хятадын ард түмэнд сайн дураараа шилжүүлж, ард түмэн удирдлагын бүхий л эрхийг Ерөнхийлөгч надад даатгасан болно. Ар Монгол нь өмнөх Чин улсын хязгаар нутгийн бүрэлдэхүүнд багтдаг, харин надад нийт ард түмний гардуулан өгсөн Ерөнхийлөгчийн аугаа том үүрэг шилжиж ирсэн учир миний бие эрх мэдлээ Өргөөг хамруулан хэрэгжүүлэх ёстой билээ. Тусгаар тогтнолоо тунхаглан зарлахыг чинь Чин улс огт хүлээн зөвшөөрдөггүй байсан учир Хятад ч гэсэн үүнийг үл хүлээнэ. Өргөө бол Хятадын эрх захиргаанд орших нутаг газар мөн. Манай Бүгд найрамдах засаглалд хор хөнөөл учруулж буй хүлцэнгүй бус ард олонтой миний бие хууль цаазын дагуу хатуу чанд хандах аваас төр улсын түшмэл сайд нар болон ард олон бахдан барялах болно.
            “Хүндэт ламтан та Улиастай, Ховд, Дарьганга болон бусад газар орныг цэргийн хүчээр гамшиг учруулж, оршин суугчдыг зовлонд нэрвэгдүүллээ. Ван, гүнгүүдийг барьж авч явсан байна. Энэ бүгд нь хүний эрхийг уландаа гишгэж буй хэрэг гарцаагүй мөн. Тэр дээрэм тонуул, самуун ажил үйлээрээ хэрмэл дээрэмчдээс ч давж гарчээ. Хятад улс амар тайван байдал, энх амгаланг гүнээ хүсэж байдаг учир энэ бүхнийг хайхрахгүй өнгөрч үл чадна. Хүндэт Ламтан та цэрэг зэвсгийн хүчээр олон хошуу нутгийг өөртөө нэгтгэсэн хэдий ч бусад бүх аймаг, хошуу Хятадын эрх захиргаанд байгаа бөгөөд Өргөөтэй тэмцэлдэх бодолтой байна. Зарим Ван, гүн, лам хуврагууд Бээжинд биеэрээ ирж, зарим нь илч төлөөлөгчөө илгээн, чин сэтгэлээсээ эд зүйл, мөнгө сэлтийг өргөн барьсан ба одоо ч үргэлжилсээр байгаа болой. Эрхэм ламтан та монголчууд суурьшсан өчүүхэн нэгэн өнцгийг нийт Монгол гэж яаж хэлж чадваа. Муж нутгийн цэргийн захирагчид, ноёд түшмэлүүд намайг эрх захиргаандаа байсан нутаг дэвсгэр, дээд эрх мэдлийн бүрэн бүтэн байдлыг ардлаа хэмээн асар дургүйцэж байна. Тэд цөм шинэ залуу хүч цуглуулж, хүндэт ламтан тантай тэмцэхийг хүсэж буй боловч Ерөнхийлөгч миний бие энэрэл, нийгүүлслийг эрхэмлэн, асуудал энх тайван, нөхөрсөг байдлаар шийдэгдэнэ гэж найдан, тэднийг бүхий л аргаар саатуулж байгаа болно” 

“Хүндэт Ламтан таныг үүнийг ойлгоосой гэж ихэд хүсэх юм. Гарч болзошгүй ашиг тусын талаар сайтар тунгаан бодож, хэрэв та Чин Улсын бидэнд олгосон эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчихгүй байж, ажил хэргээ дуусгах бололцоо бидэнд олгох аваас Хятадын ард түмэн урьдын эндүүрэл будлианыг үгүй хийж, шар арьстнуудын хөгжил цэцэглэлтэд хамтдаа санаа тавин, Бүгд найрамдах улсаа үүрд мөнх дэмжие гэсэн миний үндсэн гол санаа бодлыг анхаарч үзэгтүн. Таныг нигүүлсэх сэтгэлээс минь үүдэн гарсан авралын тухай миний бодол ийм байна, хүндэт Ламтаан. Хариу хүлээнэ, Ерөнхийлөгч илгээв”  


                                              И.Я.Коростовец "Монгол Өнгөрүүлсэн есөн сар" 266-р тал

20.01.2013

Хөгжлийн суурь мөн.



Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди: “Даяаршлыг сондгой байдлаар өрөөсгөлдүүлэн авч үзэх, хандах нь арга зүйн хувьд алдаатай байх болно. Дангааршилгүй даяаршил байж таарахгүй, даяаршилгүй дангааршил ч оршин тогтнох бололцоогүй. Энэ хоёр үйл явц, тэдгээрийг илэрхийлсэн хос ойлголтууд нь эсрэг тэсрэг байж, бие биеэ үгүйсгэдэг ч нэгдмэл цул болж, бас бие биеэ нөхцөлдүүлнэ”[1] гэсэн байдаг.

Даяаршилд өөрийгөө авч үлдэх, тэсэж гарах, өрсөлдөх чадвартай болж, хөгжсөнөөр дангааршина. Дангааршихын тулд Үндэсний аюулгүй байдлаа баталгаатай хангах явдал чухал.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлэх бөгөөд[2] гадаад, дотоод таатай нөхцөлийг бүрдүүлэхэд авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төрийн зарим мэдээллийг нууцлах шаардлага гардаг.
Үүнийг төрийн нууц мэдээлэл гэж ойлгож болно.

Төрийн нууц мэдээллийн эрх зүйн баримт бичгээ бодит судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн зөв тодорхойлсноор даяаршилд дангаарших, дангааршихад Үндэсний аюулгүй байдлаа баттай хангах, Үндэсний аюулгүй байдлаа баттай хангаж хөгжлийн тавцанд гарах үндэс суурь болно.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Зөв өөрчлөлтийг хөгжил гэнэ” хэмээн хэлсэн байдаг. Өөрчлөлтийг сайн хийвэл шинэчлэлт бий болно. Шинэчлэлтийг сайн хөгжүүлбэл хөгжил бий болно гэдэг.

Нууц мэдээллийн бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлснээр олон улсад өрсөлдөх чадвартай төдийгүй тэргүүлэх Гүрэн болж хөгжсөн улсуудын нэг бол манай урд хөрш БНХАУ юм.
БНХАУ шинэ тутам үүсэж буй нөхцөл байдалд төрийн нууц мэдээллийн харилцааг зохицуулах, шинэ шатанд гаргах, шинэчлэл, хөгжлийн суурь баримт бичиг болгох үүднээс 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн БНХАУ-ын 11 дэх удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны 14 дүгээр хурлаар “БНХАУ-ын төрийн нууцыг хамгаалах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн нууц нь аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, өөрчлөлт шинэчлэл болон социалист бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд оршино[3]” гэснээс тодорхой харж болно.

Манай улс төрийн нууц мэдээллийн эрх зүйн баримт бичигтээ 2004 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш өдгөө 9 жил өнгөрчээ. Энэ 9 жилийн хугацаанд манай улсын нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, дэлхийд техник, технологи нэн хурдтайгаар хөгжиж байна.

Иймд Монгол улсын төрийн нууц мэдээллийн харилцааг:
1. Эрх зүйн шинэчлэл,
2. Сэтгэлгээний шинэчлэл хийх замаар өөрчлөн сайжруулж орчин үетэй, мөн хөгжлийн бодлоготойгоо уялдуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Төрийн нууц мэдээлэлтэй холбогдсон харилцааг хөгжүүлэхийн тулд гадаад орнуудын энэ төрлийн эрх зүйн баримт бичгүүдийг судлах, өөрийн орныхтой харьцуулан шинжлэх, улмаар бусдын туршлага дээр тулгуурлан өөрийн онцлогтоо тохирохуйц шинэчилсэн баримт бичигтэй болох нь зүйтэй.

Цаашлаад шинэчлэн баталсан төрийн нууц мэдээллийн эрх зүйн баримт бичгээ олон нийтэд сурталчлах, танилцуулах, судлуулах зэрэг ажлуудыг шат дараатай зохион байгуулах ёстой бөгөөд ингэснээр төрийн нууц мэдээллийн талаар нэгдсэн нэг ойлголттой болох, энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах, төрийн нууц мэдээллийн харилцаа хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой байх болно.


[1] http://www.asuu.mn/medleg/uls-tur/112/1006280028
[2] Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1.1.1
[3]中华人民共和国保守国家秘密法第二条

29.12.2012

Миний энэ блогт зочилж буй эрхэм Таньд шинэ жилийн мэнд хүргэе

Цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай!