20.01.2013

Хөгжлийн суурь мөн.



Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди: “Даяаршлыг сондгой байдлаар өрөөсгөлдүүлэн авч үзэх, хандах нь арга зүйн хувьд алдаатай байх болно. Дангааршилгүй даяаршил байж таарахгүй, даяаршилгүй дангааршил ч оршин тогтнох бололцоогүй. Энэ хоёр үйл явц, тэдгээрийг илэрхийлсэн хос ойлголтууд нь эсрэг тэсрэг байж, бие биеэ үгүйсгэдэг ч нэгдмэл цул болж, бас бие биеэ нөхцөлдүүлнэ”[1] гэсэн байдаг.

Даяаршилд өөрийгөө авч үлдэх, тэсэж гарах, өрсөлдөх чадвартай болж, хөгжсөнөөр дангааршина. Дангааршихын тулд Үндэсний аюулгүй байдлаа баталгаатай хангах явдал чухал.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл бүрдсэн байхыг хэлэх бөгөөд[2] гадаад, дотоод таатай нөхцөлийг бүрдүүлэхэд авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй төрийн зарим мэдээллийг нууцлах шаардлага гардаг.
Үүнийг төрийн нууц мэдээлэл гэж ойлгож болно.

Төрийн нууц мэдээллийн эрх зүйн баримт бичгээ бодит судалгаа, шинжилгээнд тулгуурлаж, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн зөв тодорхойлсноор даяаршилд дангаарших, дангааршихад Үндэсний аюулгүй байдлаа баттай хангах, Үндэсний аюулгүй байдлаа баттай хангаж хөгжлийн тавцанд гарах үндэс суурь болно.

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Зөв өөрчлөлтийг хөгжил гэнэ” хэмээн хэлсэн байдаг. Өөрчлөлтийг сайн хийвэл шинэчлэлт бий болно. Шинэчлэлтийг сайн хөгжүүлбэл хөгжил бий болно гэдэг.

Нууц мэдээллийн бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлснээр олон улсад өрсөлдөх чадвартай төдийгүй тэргүүлэх Гүрэн болж хөгжсөн улсуудын нэг бол манай урд хөрш БНХАУ юм.
БНХАУ шинэ тутам үүсэж буй нөхцөл байдалд төрийн нууц мэдээллийн харилцааг зохицуулах, шинэ шатанд гаргах, шинэчлэл, хөгжлийн суурь баримт бичиг болгох үүднээс 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн БНХАУ-ын 11 дэх удаагийн БХАТИХ-ын байнгын хорооны 14 дүгээр хурлаар “БНХАУ-ын төрийн нууцыг хамгаалах тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Уг хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн нууц нь аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, өөрчлөлт шинэчлэл болон социалист бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд оршино[3]” гэснээс тодорхой харж болно.

Манай улс төрийн нууц мэдээллийн эрх зүйн баримт бичигтээ 2004 онд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш өдгөө 9 жил өнгөрчээ. Энэ 9 жилийн хугацаанд манай улсын нийгэм, улс төр, эдийн засгийн харилцаа эрс өөрчлөгдөж, дэлхийд техник, технологи нэн хурдтайгаар хөгжиж байна.

Иймд Монгол улсын төрийн нууц мэдээллийн харилцааг:
1. Эрх зүйн шинэчлэл,
2. Сэтгэлгээний шинэчлэл хийх замаар өөрчлөн сайжруулж орчин үетэй, мөн хөгжлийн бодлоготойгоо уялдуулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Төрийн нууц мэдээлэлтэй холбогдсон харилцааг хөгжүүлэхийн тулд гадаад орнуудын энэ төрлийн эрх зүйн баримт бичгүүдийг судлах, өөрийн орныхтой харьцуулан шинжлэх, улмаар бусдын туршлага дээр тулгуурлан өөрийн онцлогтоо тохирохуйц шинэчилсэн баримт бичигтэй болох нь зүйтэй.

Цаашлаад шинэчлэн баталсан төрийн нууц мэдээллийн эрх зүйн баримт бичгээ олон нийтэд сурталчлах, танилцуулах, судлуулах зэрэг ажлуудыг шат дараатай зохион байгуулах ёстой бөгөөд ингэснээр төрийн нууц мэдээллийн талаар нэгдсэн нэг ойлголттой болох, энэ төрлийн гэмт хэргийн гаралт буурах, төрийн нууц мэдээллийн харилцаа хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой байх болно.


[1] http://www.asuu.mn/medleg/uls-tur/112/1006280028
[2] Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал 1.1.1
[3]中华人民共和国保守国家秘密法第二条

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen