03.02.2013

Монгол Улсын эзэн хаан Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгчийн захидлын хариуд


Монгол улсын Эзэн хаан 1913 оны 2 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Хятад Улсын Ерөнхийлөгч Юань Шикайгийн захидлын хариуг ийнхүү өгчөө.

“Ноён Ерөнхийлөгч Юань Шикай танаа. Нэг дээд засаглалтай хүмүүс өөр хоорондоо гэрээ байгуулж байсан тухай Та огт сонсож байгаагүй гэж бичсэн цахилгаантай би танилцлаа. Гэхдээ Англи, Америк бие даасан улс болж, Англитай гэрээ байгуулсан нь өнөө хүртэл хүчин төгөлдөр болохыг та мэдэхгүй гэж үү? Энэ нь тэр хоёр улс тус тусдаа хүчирхэг төр улс болоход саад болоогүй бөгөөд Англи улс өрөвдөхийн эрхээр Америкт бие даасан байдлын үндэс суурийг өгсөн гэж огтхон ч яригддаггүй билээ. Та өөрийнхөө улсын дэмий л өндөрт өргөж, төр улсыг төвхнүүлэн байгуулах үйл хэрэгт санаа тавьж байгаа мэт өгүүлж байна. Энэ бол нэр төрөө дээдлэх үндсэн дүрэм журмыг зөрчсөн хэрэг. Төр улсаа байгуулсан хүмүүсийг хорон санаатай, өөдгүй муухай амьтад гэж хэлэх нь Бүгд найрамдах улсын үзэл санаатай харшлахгүй байна гэж үү ? “Ховдод болсон тулалдааны үеэр монголчууд Пу Жунийг (хотын захирагч) барьж авсан ч амийг нь хороолгүй, тулалдаанд оролцсон 600 хүний нь хамт суллаж явуулсан билээ. Ховдын тулалдааны үеэр хүмүүс алагдсан ч Ховдыг эзэлсний дараа ганц ч хүн амиа алдаагүй. Харин танай цэрэг Засагт вангийн хошуунд болсон байлдааны үеэр зөвхөн эрчүүдийг төдийгүй, өдий төдий эхнэр, хүүхдүүдийг алж, вангийн өргөөг сүйтгэсэн байна. Энэхүү харгислал сонин хэвлэлд нийтлэгдэж, харь улс гүрнүүдийн гайхширал, асуултыг төрүүлсэн билээ.  Ховдын тулаан болохоос өмнө Эрхэм Сайд та манай засгийн газрын элч Төмөржин болон бусдыг нь Ховдод цаазлах тушаал буулгаж, олон улсын хууль цааз хийгээд хүнлэг энэрэнгүй ёсыг өчүүхэн ч хайхраагүй өнгөрсөн бол манай засгийн газар Пу Жинийг барьсан ч цаазлаагүйгээр үл барам, эх оронруу нь илгээсэн болно. 
         Дэлхий ертөнц үнэн хэрэгтээ хэн өөдгүй муухай, хорон санаатай, хэн нь энэрэнгүй зөөлөн, бас хэн нь хулгайч, дээрэмчинтэй илүү адилхан болохыг чин шударгаар үнэлж дүгнэх цаг ирнэ.” Өвөрлөгч чуулгануудын ван, гүнгүүд бэлэг сэлт өргөн барьж, Бүгд найрамдах улсад нэгдэж байгааг та дурьдсан нь тун ч авцалдаагүй болж. Учир нь энэ хүмүүс дарамтанд орж ингэхээс өөр аргагүй болсон нь бүгдэд илэрхий билээ. Бид бие даасан тухайгаа улс гүрнүүдэд нэгэнт тунхаглан зарласан болохоор дахин давтах нь илүүц биз. Чин улс төр барих эрх мэдлээ Хятадын ард түмэнд өгч, ард түмэн түүнийг танд атгуулсан тухайд гэвэл бэлбэсэн хатан болон өнчин хүүхдүүд (хатан хаан, залуу эзэн хаан) бусдын (Юань Шикайн) ов мэхний золиос болж, төр улсаа алдсаныг бүгд л мэдэх билээ. Ялангуяа анд нөхрийнхөө зөвлөгөөг үл хэрэгсэж, төр улсаа яаран худалдсан хатан хаан Лу-нюй-хуан-тай зу Дай Чин улсын өмнө жинхэнэ гэмт хэрэгтэн болсон юм. Энэ асуудлыг түүх шийдэх буй за. Таныг байдлыг эргэцүүлэн бодоход бусдыг өдөөн хатгах маягаар аашилж авирлахаас аль болохоор түдгэлзэх нь хамгийн сайн хэрэг бөгөөд Хятадын сайхан ард түмнийг дахин шинэ гай зовлон нэрвэхгүй байхад чиглэсэн бодлого дотооддоо явуулахад санаа тавьж, хятадууд таныг Лу мужийг өөрийн болгосны дараа дахиад бас Шу мужид санаархаж байгаагийн чинь төлөө яг л шийгуй шиг хэсэглэн хуваахаас болгоомжлох нь зохистой болов уу. Та өөрийнхөө санаа бодлыг чин сэтгэлээсээ илэрхийлж байгаагаа цахилгаандаа илэрхийлсэн учир бид ч гэсэн өөрийнхөө санаа бодлыг илэн далангуй хэлж буй болно. Монгол Улсын эзэн хаан илгээв.

И.Я.Коростовец “Монголд өнгөрүүлсэн есөн сар” 289-р тал 

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen