23.10.2012

ХАРИУЦЛАГА



Төрийн нууц задруулсан үйлдэлд хүлээлгэх хариуцлагын талаар ярихын өмнө төрийн нууцын зэрэглэлийн талаар авч үзэх хэрэгтэй юм. 
Дэлхийн ихэнх улсад төрийн нууц нь задрах буюу үрэгдсэн тохиолдолд учрах хор уршиг, хохирол, үүсэх нөхцөл байдал зэргийг харгалзан “Онц чухал-Маш нууц”, “Маш нууц”, “Нууц” гэсэн 3 зэрэглэлд хуваадаг. Зарим улсад “Конфиденциаль”, “хязгаарлагдмал нууц”, “Албаны нууц”, “Онцгой чухал нууц”, “Албан хэрэгцээнд” гэсэн зэрэглэлтэй ч байдаг. Тухайлбал:
БНХАУ-ын “Төрийн нууцыг хамгаалах тухай” хуулийн 10 дугаар зүйлдТөрийн нууцыг нууцын зэрэглэлээр нь “онц чухал-маш нууц”, “Маш нууц”, “Нууц” хэмээн гурав ангилна. Онц чухал-маш нууц зэрэглэлийн төрийн нууц улс орны  хамгийн чухал нууц бөгөөд задруулсан тохиолдолд улсын аюулгүй байдал, эрх ашигт онц ноцтой хор уршиг учирна. Маш нууц зэрэглэлийн төрийн нууц нь улс орны чухал нууц бөгөөд задруулсан тохиолдолд улсын аюулгүй байдал, эрх ашигт ноцтой хор уршиг учирна. Нууц зэрэглэлийн төрийн нууц нь энгийн төрийн нууцад хамаарах бөгөөд задруулснаар Улсын аюулгүй байдал, эрх ашигт хор уршиг учирна.”,
Гүрж Улсын “Төрийн нууцын тухай” хуульд “Төрийн нууцад тооцогдох мэдээлэл агуулсан баримт бичиг, эд зүйлсийг нууцлалын зэрэглэлээр нь ангилж тухайн бичиг баримт, эд бүхий зүйлд хавсаргана. Нууц нь Онц чухал, Маш нууц, нууц гэсэн зэрэглэлүүд багтана”,
АНУ-д төрийн нууцыг хамгаалах асуудлыг Ерөнхийлөгчийн 12958 тоот “Үндэсний аюулгүй байдалд хамаарах нууц мэдээллийн тухай” зарлиг, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт буюу 13292 тоот зарлигаар зохицуулдаг. Тус баримт бичгийн 1.2-р хэсэгт нууцлалын зэрэглэлийг дараах байдлаар ангилсан байна. Үүнд:
"Maш нууц" зэрэглэлийг тухайн мэдээллийг хууль бусаар задалсан гэж үзвэл үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй бодитой нөхцөл бүрдэх магадлалтай гэсэн тохиолдолд тогтооно, "Hyyц" зэрэглэлийг тухайн мэдээллийг хууль бусаар задалсан гэж үзвэл үндэсний аюулгүй байдалд хүнд хохирол учруулж болзошгүй бодитой нөхцөл бүрдэх магадлалтай гэсэн тохиолдолд тогтооно, "Конфиденциаль" зэрэглэлийг тухайн мэдээллийг хууль бусаар задалсан тохиолдолд үндэсний аюулгүй байдал хохирол учруулж болзошгүй бодитой нөхцөл бүрдэх магадлалтай гэж үзсэн тохиолдолд тогтооно,
     Малайз Улсын “Төрийн нууцын тухай” хуульд зааснаар төрийн нууц нь маш нууц, нууц, “Хувийн мэдээлэл” буюу “Хязгаарлагдмал” гэсэн зэрэглэлтэй байна.
   Ангол улсын “Төрийн нууцын тухай” хуульд төрийн нууцыг “маш нууц”, “нууц”, "конфиденциаль”, “хязгаарласан ашиглалттай” гэсэн 4 зэрэглэлтэй байна,
 хэмээн тус тус заасан байдаг.
Харин Монгол Улсын “Төрийн нууцын тухай” хуулийн 11 дүгээр зүйлд төрийн нууцыг “Онц чухал – Маш нууц, Маш нууц, Нууц” гэсэн 3 зэрэглэлтэй байхаар заасан. Нууц мэдээллийг дээр дурьдсан зэрэглэлд хуваан авч үзэж байгаа бол задруулсан, үрэгдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ялгавартай оногдуулах учиртай. Өөрөөр хэлбэл тухайн улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд нь ноцтой хор хохирол учруулах хэмжээний “Онц чухал-маш нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээд, байгууллагын бүтэц бүрэлдэхүүнд хохирол учруулах хэмжээний “нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээд хоёр өөр төрлийн ял авах ёстой гэсэн үг.
            Гэтэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлд “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Энэ нь өмнө дурьдсанчлан “Онц чухал-маш нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээд, “Нууц” зэрэглэлийн мэдээлэл задруулсан, үрэгдүүлсэн этгээдтэй адилхан ял авах бололцоог хуулиараа олгож байна.
            Иймд нууц мэдээллийг задруулсан, үрэгдүүлсэн тохиодолд учирах хохиролыг тоон болон чанарын үнэлэмжээр нь гаргах Төрийн нууцын шинжээчийг бий болгох зайлшгүй шаардлагатай юм.

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen