27.01.2012

Чи наадахаа надтай биш Мао Зэдунтэй ярь

Нэгэн цагт оршин байсан Нармай их Монголыг нутаг дэвсгэрээр нь хоёр хэсэгт хуваасан явдал /ЗСБНХУ-ын хамгаалалтанд орших Гадаад Монгол, БНХАУ-ын бүрэлдэхүүнд оруулсан Өвөр Монгол/ амьсгаа хураан хураатал нь Чойбалсангийн сэтгэлийг шаналгаж байв. Тэднийг нэгэн улсын хил хязгаарын дотор нэгтгэх явдал түүний өдрийн бодол шөнийн зүүд болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны шувтрагаар зөвлөлт монголын армиуд Гадаад Монголтой нэгтгэхээр төлөвлөж байсан Өвөр Монголын бараг бүх районыг эзлэн авах үед, за одоо бүх юм Кремлийн гарт байна, Кремль хүслээ л бол газрын зураг дээр Их Монгол улс гараад ирнэ гэж бодогдож байжээ. Улаанбаатарт, Хөх хотын гэрүүдийн утааны үнэр бараг ханхлах шиг болж байлаа.
Нэгдэнэ гэж сэтгэл нь дэвэрсэн хүмүүс маршалын хор шарыг догиохыг хичээж, зөвлөлтийн удирдагчдаас тууштай шаардахыг зөвлөж байв. Тэгээд маршал ч хичээж байлаа. 1946 оны хоёрдугаар сарын 22-нд Сталин Молотов хоёр Чойбалсанд Монгол улсаас зөвлөлтийн цэргийг гаргах Зөвлөлт-Монголын гэрээг танилцуулахад маршал тийм зүйл хэрхэвч битгий хийгээч гэж гуйгаад өөрийн зүгээс Өвөр Монгол болон Хянганы нэгдсэн муж дахь монгол омог ястны дунд ажил явуулах тухай асуудал тавьжээ. Ярианы тэмдэглэлээс үзвэл “Чойбалсан, нутаг дэвсгэрийн хувьд Хятадын бүрэлдэхүүнд ордог монголчуудын суурьшсан нутаг районуудад байдал ямар байгаа талаар танилцуулав. Чойбалсан, эдгээр районуудад монгол хүн амын дунд монголчуудын нутаг дэвсгэрийг Хятадаас салган, тусгаар тогтносон Монгол улсыг байгуулахад бэлдсэн суртал ухуулгын ажлыг явуулах шаардлагатай гэж үзэж байлаа. Чойбалсан хэлэхдээ, одоогийн байдлаар БНХАУ нь Өвөр Монгол, Хянганы хувьд хандахдаа дундыг баримталсан байдалтайгаар хандаж байна гэв.
Нөхөр Сталин: Хянган болоод Өвөр Монголд тусгаар тогтносон улс байгуулахын тулд Хятадтай шинэ дайн хийх шаардлагатай болно. Тийм дайн одоо хэрэгтэй байгаа юм гэж үү?
Чойбалсан: Тэнд суртал ухуулгын ажил явуулж болох уу?
Нөхөр Сталин: Сэмхэн явуулж болно”
   Сталин, Мао Зэдун хоёр ЗСБНХУ, Хятадын хооронд нэгдсэн, биеэ даасан Их Монгол улс сэргэн гарч ирэхээс болгоомжилж байлаа. Тэдний ийнхүү санаа зовож байгааг Ялта хотын бага хуралд оролцсон Рузвельт, Черчилль нар ойлгоцтой хандаж байв. Сталин, Чойбалсан хоёрыг уулзах үед байлцсан Б.Ширэндэвийн гэрчлэн ярьснаар бол, гарын үсэг зурахаар бэлдсэн баримт бичигт Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг одоогийн хил хязгаарынх нь хүрээнд үлдээнэ гэсэнг үзээд Чойбалсан ихэд гутарсан ажээ. “Одоогийн байгаа хил хязгаарын хүрээнд ... тэгвэл, Өвөр Монгол хамаарахгүй байх нь ээ?” гэж тэрээр Сталинаас урам муутайхан асуужээ. Сталин ”Хятадууд хэзээ ч тийм юм хийхгүй. Тэгснээс чи өөрийнхөө улс орныг яаж хадгалж үлдэхээ бод гэж хариулжээ” 
    Маршил тайвширч чадахгүй байв. Тэрээр энэ талаар эргэж ярих шалтаг хайж байлаа.
  1949 оны намар Сталин Рица нуурын эрэгт амарч, Чойбалсан хажууханд нь Новый Афон дахь зусланд байжээ. Маршал гэргий, хүүгийнхээ хамт нуурын эрэгт байсан удирдагчийнд хоёр хоног зочилжээ. Тэнд нь мөн Берия, Микоян хоёр байв. Зоогийн ширээний ард Хятадын тухай яриа өрнөжээ. Тэр өдрүүдэд БНХАУ тунхаглаад байв. Сталин: “Далбайн дээр нь таван таван хушуу байх юм. Тэр нь ямар учиртай юм бол?” гэж асуусанд Чойбалсан “Бүгд найрамдах улсад нь багтсан таван үндэстэн” гэснээ ширээний эзэнрүү сүрхий харснаа: “Тэдний дотор бас монголчууд байгаа шүү” гэжээ. Маршалыг дагалдаж явсан Шарав хожим нь Б.Ширэндэвт ярьснаар бол Чойбалсан тэр өдөр хэд хэдэн удаа Өвөр Монголын талаар яриа өдөх гэсэн боловч Сталин яриаг өөр сэдэврүү шилжүүлээд байжээ. Маргааш нь Чойбалсан нөгөө л сэтгэлийг нь зовоосон зүйлийнхээ тухай ярих гэсэнд Сталин: “Чи наадахаа надтай биш Мао Зэдунтэй ярь” гэж хэлжээ.    
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 76 тал. 


21.01.2012

Хэргийн эзэн Дондогдулам


  1914 онд Оросын Консул шар сүмд хүрэлцэн ирж Богд эзэнтэнд Цагаан сарын баяр хүргэхээр хүрэлцэн иржээ. Гэвч Богд эзэнтэн нойрсож байсан тул Консулыг угтахаар эх Дагина гарч иржээ. Тэр эмэгтэй захирангуй ааш араншинтай бөгөөд олны дунд онцгой сайн нэртэй байсангүй. Консул өөрийг нь доромжилж байна хэмээн үзэж тэр дороо гарч явж өөрөөс нь уучлал гуйхыг Хүрээний засаг захиргаанаас шаарджээ. Маргааш өглөө нь ёслолын хувцасаа өмссөн Монголын сайдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ мянган цэрэг дагуулсаар Оросын консулын газар хүрэлцэн иржээ. Цэргүүд өрөөсөн өвдөг дээрээ сөгдөөд Оросын тугийн өмнө толгой бөхийлгөж, сайд нар чанга дуугаар уучлалт гуйсан аж. Консулын сэвтсэн сэтгэл ийнхүү засагдав.
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 19 тал. 

19.01.2012

Мөрийтэй тоглоомчин Дамдины Сүх

       Өвөг эцэг нь хошуу ноёноо эсэргүүцсэн хэргээр шоронд үхсэн ба эцэг нь Өвөр Монголоос Халхад ирж эхтэй нь суусан боловч хадмуудтайгаа таардаггүй тул Монголын дорнод хязгаараас Хүрээнд нүүн иржээ. Хүү Сүхийг Онходын Жамъян гүнд шавь оруулан гэрээр монгол бичиг, дөрвөн аргын тоо заалгуулж бичиг үсэг тайлуулсан байна. Хүү Сүх 19 насандаа цэрэгт татагдан улмаар пулемёт сумангийн дарга болж, Бавуужавын эсрэг дайнд тодроод “баатар” хэмээх цолыг нэрнийхээ ард нэмж авчээ. Сүхбаатар нэлээд мөрийтэй тоглох дуртай хүн байсан бөгөөд 1920 онд ЗОУ-руу явах зардлаараа тоглочихсон тул гэрээ зараад эхнэр, хүүхдээ айлын пинд үлдээгээд явсан ба Данзангийнхаар хоноглож явжээ. Жанжин Сүхбаатар 1925 оны 2 дугаар сард 30 насандаа гэнэт нас барсан ба түүний мөрийнд алдсан нилээд өр гарч ирснийг Засгийн газраас цайруулж байжээ.                            
Баабар “Монголчууд нүүдэл суудал” 1-р дэвтэр 364 тал