24.03.2013

Оюунлаг хүн болж болох уу

Хүмүүс бид эхээс төрөхдөө л эсвэл ухаалаг, эсвэл ухаан муутай заяагдсан байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Нөгөө хэсэг нь болохоор “Хүмүүс өсөж бойжихийнхоо хэрээр, ялангуяа амьдралынхаа эхний хэдэн жилд, гол төлөв хүрээлэн байгаа орчин, аав ээж, багш нарынхаа нөлөөгөөр оюун ухааныг олж авдаг” гэж баталдаг. Гэтэл тун хачирхмаар нь философи сэтгэлгээ хөгжиж эхлээд хичнээн зуун жил өнгөрч, шинжлэх ухааны хэдэн арван дорвитой бүтээл энэ чиглэлээр хийгдсэн боловч хүмүүс бид одоо хүртэл хүний интеллект /оюун ухаан/ гэж чухам юуг хэлээд байгааг жинхэнээр нь ойлгож чадаагүй бөгөөд энэхүү нэр томъёог хангалттай түвшинд тодорхойлж ч амжаагүй. Тодруулж хэлбэл, интеллектийг ad nauseam /зайлшгүй шаардлагатай учраас гэсэн утгатай латин хэлний үг/ хэмээн тодорхойлж байгаа боловч эксперт шинжээчид болон сонирхогч судлаач нар энэ талаар бүрэн санал нэгдэж чадаагүй байна.
Иймээс “оюунлиг” болохын тулд эхлээд “интелект” гэсэн нэр томъёог та юу гэж ойлгож байгаа, та өөрийгөө ямар чиглэлээр хөгжүүлэхийг хүсэж байгаагаас бүх зүйл шалтгаална. Интеллектийг оновчтой тодорхойлох, эсвэл хэмжих гэхээсээ түүний үндсэн ойлголттой холбоотой, эсвэл түүнийг тусган харуулж байгаа зарим тодорхойлолтууд болон хүний биеэ авч явах хэв шинжийн тухай тайлбарлах нь хавьгүй хялбар юм. Гэвч хүний интеллект хичнээн нарийн төвөгтэй, үгээр дүрслэн тодорхойлоход бэрхшээлтэй боловч та түүнийгээ ашиглан оюунлиг болох боломж хэзээд хадаглагдаж байгааг санах хэрэгтэй.
Хүний оюун ухааны талаар бид тэр тухай мэдэхгүй байгаа зүйлтэйгээ харьцуулахад маш өчүүхэн бага зүйлийг мэдэж байдаг. Интеллект, сэтгэхүйн судлалтай холбоотой шинжлэх ухаанууд жинхэнэ ёсоор эрчимтэй хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн дотор л бид тэрхүү мэдлэгийнхээ үндсэн хэсгийг олж авсан. Ийм болохоор мэргэжлийн бус хүмүүсийн хараахан эзэмшиж чадаагүй их хэмжээний мэдээлэл, мэдлэгийн  сан байсаар байгаа бөгөөд хэрэв мэргэжлийн бус тэр хүмүүс өөрийнхөө тархи оюуныг сайтар ашиглаж сурвал амьдралдаа өчнөөн олон амжилт гаргаж чадах байсан билээ. Харин өнөөдөр бидэнд хүн болгоныг ухаалаг болгох боломжтой мэдээлэл, арга технологиуд байгаа юм.
Жишээлбэл, IQ- ийн үзэл санаа бол интеллектийн олон талт ертөнцийг хамарч чадахгүй байгаа нь мэдэгдэж байна. Энэ арга барилууд бол тодорхой зорилгоор, соёлын тодорхой орчинд оюуны чадваруудын тодорхой хэсгийг л хэмждэг. Хатуугаар хэлбэл, хэл, логик, анализ, академик боловсрол болон танин мэдэхүйн чадварууд гэж голдуу нэрлэгддэг интеллектийн тэр талтай бид холбодог тархины “зүүн тал бөмбөлгийн “ ажиллагаа функцийг тооцож дүгнэдэг. Тэгэхээр хүний ухааны ойлголт бол хавьгүй өргөн гэдэг нь илт юм.
Интеллектийн олон төрлүүд байдаг бөгөөд тэдгээр нь янз бүрээр илэрдэг. IQ-ийн өндөр түвшинтэй “толгой сайтай” гэгддэг хүн нийгмийн утгаараа огт хөгжөөгүй, спорт, урлаг, хөгжим, улс төрийн сэтгэлгээний ямар ч дадалгүй г.м байж болдог. Тийм академик өндөр мэргэшилтэй, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн өөр орчин хүрээнд “ухаанаа” огтхон ч гаргаж, бас ашиглаж чадахгүй үе цөөнгүй байдаг. IQ-ийн өндөр түвшинтэй, нас биенд хүрсэн том хүнээс гудамжинд тоглож яваа аравхан настай хүүхэд ч амьдралын өөр, тодорхой нөхцөлд илүү дадамгай, оновчтой байж болно. Тэд голдуу аливаа сургалтын үр дүнг хэмждэг IQ-ийн тестүүдийн дүн, боловсролынхоо түвшнээс үл хамааран “овсгоотой”, эсвэл “ухаантай” байдаг. Иймээс зөвхөн оюуны хөгжлийн төдийгүй, янз бүрийн бусад төрлүүд байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид интеллектийн яг чухам ямар хэв шинжийг эзэмшсэнээрээ, тэр нь бидний амьдралд ямар ашиг авчирж байгаагаар ялгардаг.
Олон сэтгэл судлаачид интеллектийг хүний биеийн өсөлт, нүдний өнгө шиг хэмжиж, урьдчилан таамаглаж болох, тодорхой хэмжээгээр удамшлын хүчин зүйл юм гэж үздэг. Гэвч тархины үйл ажиллагааг судалдаг орчин үеийн олон судлаачид ”Оюун ухааны хөгжилд саад болдог цорын ганц хязгаарлалт нь бидний өөрөө өөрсөддөө тавьдаг тэр хязгаарууд бөгөөд “боломжгүй зүйл”- ийнхээ хязгаарт хэр зэрэг итгэдгээс хамаардаг” хэмээн дүгнэж байна. Израилийн сэтгэл судлаач Ройвен фоейрштайн болон бусад олон тооны эрдэмтэд аливаа хүн ямар ч насандаа, оюуны хөгжлийн ямар ч доод түвшнээс эхлэн ухаанаа хөгжүүлэх боломжтой гэдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл, бид ухаалаг болж чадна гэсэн үг. Хэрэв бид интеллектийн янз бүрийн төрлийн бүх тодорхойлолтуудыг авч үзвэл оюуны хөгжлийн хязгаарын тухай хүмүүсийн санал бодол маш өөр байдгийг харж болно.
Магадгүй аливаа хүн хүссэн бүхэндээ хүрч болно хэмээн баталдаг нь бага зэрэг хэтрүүлэг байж болох ч та өөрийн тархи оюуны ашиглагдахгүй байгаа асар их нөөц хүчин чадавхийг нээж эзэмших хэтийн боломжтой юм шүү. Үүнийг өөдрөг үзэл, дэвшилтэт сэтгэлгээ, эсвэл өөр янзаар нэрлэж болно л доо. Гол нь өөртөө, өөрийнхөө потенциал чадавхид итгэх нь хамгийн ухаалаг хэрэг билээ.
Интеллектийн төрөл болгон нь соёл болон хүрээлэлтэй шууд холбоотой байхаас гадна өөрийн үнэ цэнэтэй байна. Тухайлбал ухаантай гэгддэг, ялангуяа эрэгтэй хүмүүст төдий л боломжгүй олон зорилгуудыг нэг зэрэг шийдэхэд хангалттай интеллектийг айл гэрийн олон эзэгтэй нар, олон хүүхэдтэй өрхийн ээжүүд эзэмшсэн байх нь цөөнгүй. Интеллектийн аль ч төрөл шинжийн үнэ цэнэ нь та юунд хүрэхийг хүсэж байгаа, таны амьдрал, таны өөрийн ертөнцөд ямар зорилго тавьж байгаагаас хамаарна. гол нь өөрийн сонгосон зорилгодоо хүрэх найдвартай хэрэгслийг олох бөгөөд тэгж чадвал оюун ухааны үйл ажиллагааныхаа зайлшгүй чухал төрлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ.
Таны тархи бол та өөрөө төсөөлж ч чадахгүй олон зүйлийг хийх чадвартай байдаг. Ухаан тань хөгжих тусам таны бүхий л амьдралд үлэмж өөрчлөлтүүд гарч, мэдэгдэхүйц, томоохон үр дүн өгдөг. Бүрэн хөгжсөн интеллект бол амьдралын шинэ шинэ зорилгод хүрэх хаалганы шидэт түлхүүр юм. Та яг хэрэг дээрээ чухам юуг хүсэж байгаа, танд юу чухал байгаа, таныг юу аз жаргалтай болгодгийг мэдэж, өөрийгөө оновчтой дүгнэх нь ухаан хөгжсөний үндсэн шинжүүдийн нэг юм. 
Амь зуух овсгоо
“Ухаан гэдэг ойлголт бол хамгийн түрүүнд хүрээлж байгаа орчноос хамаардаг. Жишээ нь:Рио-де-Жанейро, эсвэл Калькутта хотын гудамжны хүүхэд бол өөрийн төрөлх орчин дотроо байхдаа гэнэн жуулчныг төвөггүй хуурч дөнгөх бөгөөд мөнөөх жуулчнаа “Мөн тэнэг хүн ээ” гэж дүгнэх нь олонтоо. Нөгөө талаас, дээд зэргийн ухаантай профессор хүн жирийн ямар ч хүн хялбархан чадах өдөр тутмын ахуй амьдралын ажил, нөхцөлд тун эв дүйгүй байх нь бий. Энд бол зарим үед академик интеллект шинжээс багагүй чухал болж ирдэг . “Овсгоо”, эсвэл интеллектийн нэг ч төрөл хэлбэр нь бидний ухамсарт “мэргэн”, “сэргэг ухаан”,”ухаж ойлгох чадвар”,”хүртэхүй”,”хурц ухаан” гэх мэт оюун ухаантай бүхэлдээ холбогдон ойлгогдож явдаг бусад олон ойлголт, нэр томъёоны бүрэн ижил хувилбар нь болж чаддаггүй. Энэ ойлголтуудын нэг нь ч туйлийн урьтал болж чадахгүй бөгөөд бидэнд төрөлхөөс заяагдаагүй юм. аль нь ч хөгжүүлэх шаардлагатай боломж л юм. Чухам ийм учраас яг ямар ухаан бидний өөрсдийн бодит амьдралд хэрэгтэй байгааг эхлээд таньж, сонгож авах нь туйлийн чухал.

Оюуны чадварын IQ төв

Keine Kommentare:

Kommentar veröffentlichen