Хүннү нарын хааныг Шаньюү гэнэ. МЭӨ 209 онд Модун хэмээх хаанхүү эцэг Түмэн шаньюүг хлж төрийн эрх мэдлийг авчээ. Домогт өгүүлснээр Модун өөрийн харвасан газарт цэргүүдээ харвуулж сургажээ. Нэг удаа тэрээр хайртай морио харвахад нэлээд хэдэн цэрэг түүнийг дагаж харвасангүй. Тушаал биелүүлээгүй болгоны толгойг авчээ. Дараа нэг өдөр эхнэрээ харвав. Энэ хачин үйлдлийн учрыг ололгүй алмайран хоцорч харвахаа мартсан хэдэн цэрэг мөн толгойгүй болов. Эцэст нь тэрээр хаан эцгээ харвахад Модуны цэргийн үй олон сум шаньюүгийн биед багтахгүй болтлоо шивэн сүлбэжээ. Ингэж тэрээр цэргийн ардчиллыг зөрчин төрийн эргэлт хийж шаньюү болсон аж. Цэргийн авъяаслаг жанжин Модун зөвхөн шаньюү болохын тулд эцгээ алсангүй. Цинь улсыг довтолж цагаан хэрмийг нэвтлэх чадвар бүхий хүчирхэг гүрнийг байгуулах алсын зорилготой байсан ба үүний тулд зохион байгуулах асар их өөрчлөл хэрэгтэй атал Түмэн шаньюү түүнийг нь ойлгодоггүй юм уу эсвэл чадваргүй байсан бололтой. Модун тэр дороо шинэчлэл хийж эхлэв. Нутгаа 3 хуваан төвийн хэсгээ өөрөө захирах ба солгой талаа илүү эрхэмлэдэг нүүдэлчний заншлаар зүүн хэсгийг Жүки ван ахлан захирч, баруун хэсгийг Лүли ван захирах болов. Энэ 2 ван тус бүрдээ түмтийн ноёныг захирдаг байсан ба Хүннү улс нийт 24 түмттэй байсан гэж бодоход Модун нийтдээ 240 мянган цэрэгтэй байжээ. Түмт нь цаашаа мянгат, зуут, аравтад хуваагдана. Энэхүү цэргийн зохион байгуулалтын Аравтын систем төв азийн нүүдэлчний дунд асар эрт тогтсон, галт зэвсэг гарч ирэх хүртэлх үеийн хамгийн сайн зохион байгуулалт байсныг түүх гэрчилнэ. Нэгж болгоны удирдагч дээд шатны даргын өмнө өөрийн толгойгоор хариуцлага хүлээхээс гадна цэрэг бүр өөрийн аравтын бусад цэргийн өмнөөс хариуцлага хүлээдэг байсан нь цэргийн төмөр мэт хатуу сахилга бат буй болох үндэс болжээ. Модун цэрэг зохион байгуулах шинэчлэл хийгээд гуравхан жилийн дараа өөрийн гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг уулгалан дайрч эзлэв. Улмаар Цинь династийн баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгээд өмнө тийш цагаан хэрмийн тийш хөдөллөө. Модуны үед Хүннү улс хүчирхэгийнхээ дээд цэгт тулж баруун цагт Түэгстан, зүүн зүгт Ляо гол буюу одоогийн Ордос, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг их шаньюүгийн зарлиг доргиож байлаа. Үүгээр үл барам үргэлжийн довтолгоонд нь ядарч туйлдсан Хань династи түүнд алба гувчуур өргөдөг болов.
Баабар “Монголчууд нүүдэл суудал” 1-р дэвтэр 25 тал
Баабар “Монголчууд нүүдэл суудал” 1-р дэвтэр 25 тал