05.02.2012

... ахаа бидний хөл өвдөж байна


... Би нэг удаа дэлгүүрт ороод хүүхдийн түрийтэй гутал харсан чинь бахиалны түрийний материалаар хийсэн байлаа. Гэртээ бөөн уур ирээд хамгаалагчаараа хоёр хос түрийтэй гутал авахууллаа. Нэг хосыг нь “Дамдин ахаа бидний хөл өвдөж байна” гэсэн бичигтэйгээр үйлдвэрийн яамны сайд Дамдинд, нөгөө хосыг нь Цэдэнбалд “Цэдэнбал ахаа бидний хөл өвдөж байна” гэсэн бичигтэй явууллаа. Тэгсэн тэр нь Дамдины яг төрсөн өдрөөр таарсан юмсанж. Дараа нь өөрөө надад ярьж байсан: “Гоё хайрцаг аваад ирэхээр нь Анастасия Ивановна надад бэлэг явуулж дээ гэж санаад задлаад харсан чинь хүүхдийн гутал... Цэдэнбал дарга дээр ороод хэлсэн чинь дарга урдаас: “Би ч гэсэн ийм бэлэг авсан”гээд инээж байна” гээд ... харин хоёр, гурван долоо хоногийн дараа Улаанбаатарын гутлын үйлдвэрээс хүүхдийн гутлын шинэ загварууд ирүүлсэн, тэгэхдээ бүр ямар байсан гэж санана. Европт ч гологдохооргүй байлаа.        
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 276 тал. 

“Чи хэтэрхий их юм хүсч байна шүү”


Улаанбаатарт Гэрлэх ёслолын ордон, Идэр техникчдийн ордныг зөвлөлтийн зээл хөрөнгөөр бариулах талаар хоёр орны улирдлагаас шийдвэр гаргуулах гэж хэдэн жил хөөцөлдөөд би чадаагүй. Аль аль нь эхний ээлжит барилгын тоонд орохгүй байв. Тэгж байтал Зөвлөлтийн Засгийн газрын орлогч дарга И.Е.Новиков ирж Их тэнгэрт манай харшийн хажууд байрлалаа. Би түүнтэй уулзах гээд чадахгүй байсаар буцахынх нь өмнөх орой зориг гаргаж түүнрүү утасдаад намайг хүлээж авахыг хүслээ. Зөвлөлтөөс Монголд гүйцэтгэх барилыгн ажлын бүх баримт бичигт хоёр тал хэлэлцээд гарын үсэг зурчихсан байлаа. Тэнд манай объетууд багтсангүй. Үнэндээ байдлыг өөрчлөх ямар ч арга байсангүй. Гэвч үзээд алдъя гэж бодлоо. Би арваад минутын дотор хоёр ордог залуучуудад хичнээн хэрэгтэй болохыг нотлож гарлаа. Бид яриагаа дуусгасангүй. Хэн хэн маань төрийн хүлээн авалтанд очих цаг болжээ. Хүлээн авалтын үеэр Новиков хундага тулган зочдыг тойрч явахдаа Зөвлөлтийн Элчин сайд Смирновт хандаж: “Александр Иваннович, та яагаад Монголын талын эрэлт хэрэгцээг судалдаггүй юм бэ, миний бодлоор Анастасия Ивановна асуудлыг зөвөөр тавьж байх шиг санагдах юм...” гэлээ. Тэрээр өөр юу ч хэлээгүй боловч тэр үг нь хүрдийг хэрэгтэй зүг рүү эргүүлэхэд хангалттай байсан юмсанжээ. Удалгүй Москвагийн нэг институт Улаанбаатараас тэдгээр барилгын зураг төсөл гаргах даалгавар авч, ЗХУ-ын зээлийн хөрөнгөөр барьж байгуулах объектуудын жагсаалтанд оруулав. Гэвч би түүнээс ч ихийг хүсч байсан учраас Л.И.Брежневийг ирэхийг тэсч ядан хүлээлээ. Леонид Ильич Монголд 1974 оны арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгч Г.Фордтой хийсэн Владивостокийн уулзалтынхаа дараа нисч ирсэн юм. Тэр жилийн хавар Монголын нам төрийн төлөөлөгчдийг ЗСБНХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тэрээр Цэдэнбал бид хоёрт манайд улс тунхагласны болон Ардын хувьсгалт намын гуравдугаар их хурал хуралдсаны 50 жилийн ойд оролцохоор ирнэ гэж амласан бөгөөд, хэлсэн үгэндээ хүрсэнд нь бид баяртай байлаа. Брежнев бол маш эелдэг боловсон хүн байсан, намайг Рязанийх гэж мэдэх учир надад Есениний шүлгийг цээжээр уншиж, бас өөр бусад байдлаар анхаарал тавьж байгаагаа илэрхийлдэг байв. Тийм боломжийг яаж ашиглахгүй байх юм бэ. Тэр үед гэрлэх ёслолын ордон, идэр техникчдийн ордны барилга баригдсан байлаа. “Найрамдал” пионерийн зуслангийн талбай дээр ажил өрнөж, хэд хэдэн хүүхдийн эмнэлэг, өнчин хүүхэд асрах газар баригдаж байв. Барилга босохын тоогоор Монгол улсын өр өсөж байгааг мэдэж байсан болохоор би Цэдэнбалд хэлэлгүйгээр гэрлэх ёслолын ордон, идэр техникчдийн ордныг бэлгийн объектын тоонд оруулж Монголын талаар тэдгээрийг барихад зөвлөлтийн зарсан хөрөнгийг төлүүлэхгүй болгуулахаар гуйя гэж санаа шулуудав. Тэр бол амаргүй хэрэг байв. ЗХУ бол тэртэй тэргүй Монголд их зүйл хийж байсан юм чинь. Протокол ёсоор би Брежневийг Улаанбаатарын онгоцны буудалд угтлаа. Гэхдээ түүний байрлах харшид яг над шиг, зөвлөлтийн төлөөлөгчидтэй уулзах гэж яарч байгаа Монголын төлөөлөгчдөөс түрүүлж очих хэрэгтэй байлаа. Надад Цэдэнбал тусаллаа. Тэрээр илүү дутуу зүйл асуулгүй, миний машиныг “ногоон гэрлээр” явуул гэж хэллээ. За тэгээд би зочдыг гэрийн эзэгтэйн хувиар угтлаа даа. Брежневт харшийг нь үзүүлэх далимаар түүнийг хоёрдугаар давхарт гаръя гэлээ. Бид хоёр явган ширээнд суугаад би нөгөө шавдуу зангаараа зөвлөлтийн барьсан хоёр ордныг Монголын залуучуудад бэлэг болгон өглөө гээд зарлачихвал зөвлөлтийн зүгээс мөн ч сайхан сэтгэл гаргасны илэрхийлэл болно доо гээд Леонид Ильчийг ятгаж гарлаа. “Өөрийнхөө талаар хэн ч тийм сайхан дурсгал үлдээж чадахгүй дээ” гэж хэлбэл, “Чи хэтэрхий их юм хүсч байна шүү” гэж Брежнев инээснээ “танай энд утас чинь хаана байна” гэлээ. Брежнев Москва руу М.А.Сусловтай ярьж түүний дэмжлэгийг авсан бололтой. Цагийн дараа МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны хурал дээр зальтайхнаар инээмсэглэн халаасаа алгадаж “надад та нарт өгөх нэг юм байна” гэв. Тэрээр Зөвлөлтийн зүгээс Монголын ард түмэнд Гэрлэх ёслолын ордон, Идэр техникчдийн ордныг Зөвлөлтийн ээлжит бэлэг болгон өгөх болсон тухайгаа зарлав. Монголын засгийн газрынхан бөөн баяр хөөр болов.    
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 272 тал.

Монголын тэнгисийн цэргийн флотын төлөө хундага өргөв


1957 онд Цэдэнбалыг Ленинградад айлчлахад, нутгийн засаг захиргааныхан зочинд зориулж хүлээн авалт хийж хотын алдартай хүмүүс, Балтын тэнгисийн флотын адмиралууд ирсэн байжээ. Цэдэнбал ЗСБНХУ-ын тэнгисийн цэргийн флотын төлөө хундага өргөжээ. Флотын дарга нараас хэн ч хариу хундаганы үг хэлж зүрхлэхгүй байв. Эвгүй байдлыг тэр үед Ленинградын мужийн намын хорооны нэгдүгээр нарын бичгийн дарга байсан Ф.Р.Козлов залруулахаар шийджээ. Тэрээр Монголын тэнгисийн цэргийн флотын төлөө хундага өргөв. М.С.Капица хожим дурссан нь: “Ю.Цэдэнбал бид хоёр инээдээ барьж ядан бие биерүүгээ харав. БНМАУ-д тэнгис, далай, том нуурын аль нь ч байхгүй болохоор, мэдээж тэнд тэнгисийн цэргийн флот хэрэггүй шүү дээ”. Инээдэмтэй энэ явдал угтаа гунигтай байдлыг харуулж байгаа юм. Юу вэ гэвэл, улс орондоо тэр үед боловсролтой гэгдэж байсан “дээдчүүд” төдийгүй, зөвлөлтийн иргэдийн ихээхэн хэсэг нь ХХ зууны дунд үед, бидэнтэй хэдийнээс сайн хөршийн харилцаатай бөгөөд Оросын хувьсгалын гаргасан замыг зөв гэж итгэсэн улс орны тухай тун ч өнгөцхөн мэдлэгтэй байсныг гэрчилж байна.  
Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" 1-р дэвтэр 164 тал.