Үнэ цэнэ. Монгол Улсын тусгаар тогтнолын үнэ цэнэ,
ардчилалын үнэ цэнэ, төмөр замын үнэ цэнэ гээд олон үнэ цэнийн тухай бид
ярьдаг, бичдэг. Энэ бүгдийн суурь үнэ цэнэ бол Монгол Улсын Төрийн нууц
мэдээлэл гэж би боддог.
Төрийн нууц мэдээллийн үнэ цэнийг хадгалж, хамгаалж
чадвал Үндэсний аюулгүй байдлаа баталгаатай хангаж, даяаршилын давалгаанд тэсэж
гарах, өөрийн онцлогоо авч үлдэх төдийгүй давуу байдал олж авч хөгжинө. Эс
тэгвээс дээрх бүх үнэ цэний талаар ярих нь утгагүй бөгөөд бололцоогүй юм.
I
Нууц мэдээллийн бодлогоо зөв тодорхойлж, хэрэгжүүлснээр олон
улсад өрсөлдөх чадвартай төдийгүй тэргүүлэх гүрэн болж хөгжсөн улсуудын нэг бол
манай урд хөрш БНХАУ юм.
БНХАУ шинэ тутам үүсэж буй нөхцөл байдалд төрийн нууц мэдээллийн
харилцааг зохицуулах, шинэ шатанд гаргах, шинэчлэл, хөгжлийн суурь баримт бичиг
болгох үүднээс 2010 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн БНХАУ-ын 11 дэх удаагийн
БХАТИХ-ын байнгын хорооны 14 дүгээр хурлаар “БНХАУ-ын төрийн нууцыг хамгаалах
тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Уг хуулийн 1 дүгээр зүйлд
“Төрийн нууц нь аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, өөрчлөлт шинэчлэл болон
социалист бүтээн байгуулалтыг амжилттай хэрэгжүүлэхэд оршино[1]”
гэж зааснаас тодорхой харж болно.
2012 оны 12 дугаар сард Бээжин хотод хуралдсан БНХАУ-ын
Нууц хамгаалах төв зөвлөлийн их хурлаар 2012 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан,
2013 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөний тухай товч танилцуулга хийсэн
байна.
БНХАУ-ын Нууц хамгаалах газар 2012 онд “1. Намын 18-р их
хурлын нууц хамгаалах ажлыг амжилттай сайн гүйцэтгэсэн. Их хурлын бэлтгэл болон
хуралдааны үеэр нууц задарсан асуудал үүсээгүй, нууцад халдах оролдлогууд гарч
байсан ч түүнийг шийдвэрлэх сайн туршлага хуримтлуулсан. 2.Төв байгууллагын
нууц хамгаалах бодлого, шийдвэрийг сайтар хэрэгжүүлж ажилласан. 12-р таван
жилийн хугацаанд улс даяар төрийн нууц хамгаалах ажлыг хөгжүүлэх төлөвлөгөөг
боловсруулж 31 аймаг (бүс, хот) болон Шинжиан, 164 төв, байгууллага, салбарт
хуулбарлан тараасан. Шинэчлэн найруулсан нууц хамгаалах хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,
нууц задарч, алдагдахаас урьдчилан сэргийлж ажилласан. 3.Өдөр тутмын үйл
ажиллагааг сайжруулсан. Бүх талын хяналт шалгалт, сургалтыг эрчимтэй явуулж, шинээр
гарсан нууц хамгаалах техник, технологийн дэвшлээс суралцаж, интернетийн орчинд
нууц задрахаас хамгаалах асуудалд анхаарч, судалгаа шинжилгээ хийж ажилласан”
зэргийг онцолсон байна. Харин 2013 оны төлөвлөгөөндөө “Шинэчлэн найруулсан
төрийн нууц хамгаалах хуулийн хэрэгжилт, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ,
интернетийн орчин дахь нууц хамгаалах ажлыг тасралтгүй хөгжүүлж, шинэ шатанд
гаргана”[2]
хэмээн дурьджээ.
II
Төрийн нууц мэдээллийн үнэ цэнийг буруулдаг гол зүйл бол
хэт нууцлах явдал байдаг. Учир нь хэт нууцлалын үр дагавар нь олон нийтийн төрд
итгэх итгэлийг алдагдуулахын зэрэгцээ авилга, хээл хахууль, буруу удирдлага,
хууль бус төсвийн зарцуулалтыг нуун далдлах, улс төрийн хууль бус хэлцэл, хүний
эрх зөрчих зэрэг хэрэг зөрчлийг үүсгэдэг.
Төр засаг хэт нууцлалыг тэргүүнд тавьж үйл ажиллагаагаа
олон нийтэд мэдээлэхгүй эсвэл худал мэдээлбэл төр засгийн итгэл төрүүлэх байдал
ганхаж, аливаа үйл ажиллагаанд олон нийтийн дэмжлэг олж авахад хүнд байх төдийгүй
нууцлах зайлшгүй шаардлагатай мэдээллийн хамгаалалт, анхаарлыг сулруулдаг хор
уршигтай. Энэхүү шууд бус хохиролоос гадна шууд мөнгөн хохирол үүсдэг байна. Тухайлбал
2011 онд АНУ-ын Засгийн газар ТТГ болон тагнуулын 5 агентлагийг оролцуулалгүйгээр
41 гүйцэтгэх хороог хамруулж тооцоолоход нууц хамгаалах ажилд 11.4 тэрбум ам. доллар
зарцуулсан бөгөөд энэ нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн тооцоо гарчээ[3].
Дүгнэлт:
Мэдээллийн эрх чөлөө нь ардчилсан улс орны оршин тогтнох
чухал нөхцөл мөн. Төрийн нууц мэдээллийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэхэд
хүний эрхийн зарим заалтууд бүрэн биш юмаа гэхэд тодорхой хэмжээгээр
хязгаарлагдана. Энэ нь ч зүй ёсных байх. Учир нь улс орны эрх ашиг, хувь хүний
зарим эрх ашиг нэг шугаманд орших боломжгүй бөгөөд энэ үед улсын эрх ашгийг
хувь хүний зарим эрх ашгаас дээгүүр тавьснаар зүй ёсных болно.
Хэдийгээр БНХАУ-ыг мэдээллийн эрх чөлөө, хүний зарим
эрхийг ноцтой зөрчдөг хэмээн олон улс буруутгадаг ч нууц мэдээллийн бодлогоо
зөв тодорхойлж, цаг алдалгүй шинэчилж, хөгжүүлж чадсанаар Үндэсний аюулгүй байдлаа
баталгаатай хангаж, олон улсын тавцанд давуу байдал олж, хөгжиж байгаа гүрэн
юм.
Манай улс 1995 онд “Төрийн нууцын тухай” хуулийг батлан
гаргасан цагаас хойш 18 жил өнгөрч байна. Энэ хугацаанд зарчмын чанартай
өөрчлөлт, шинэчлэл хийгдээгүй. Шинэ тутам үүсэж буй нөхцөл байдлыг хуучин эрх
зүйн баримт бичиг, сэтгэлгээгээр шийдвэрлэж болохгүй учир сэтгэлгээгээ өөрчлөх,
улмаар эрх зүйн баримт бичгээ цогцоор нь шинэчлэх шаардлага тулгараад байна.
Төрийн нууц мэдээллийн бодлого, хүний эрх, мэдээллийн эрх
чөлөөний тэнцвэрт байдлыг зохистой түвшинд хүргэсэн шинэ эрх зүйн баримт бичиг
боловсруулж, хэрэгжүүлж чадвал манай улс дотооддоо аюулгүй байдлаа бүрэн
хангаж, гадаадад “сонирхолтой”, “өрсөлдөхүйц” тоглогч болох боломжтой юм. Ингэхийн
тулд энэ салбарт тэргүүлж буй улс орны эрх зүйн баримт бичиг, туршлагыг судлаж,
дүн шинжилгээ хийж өөрийн орны онцлогт тохирсон баримт бичиг, арга ажиллагаатай
болох нь чухал юм.