19.03.2012

ГУСТАВ КЛИМТ


Модерн урсгалын нэрт төлөөлөгчдийн нэг Австрийн алдарт зураач Густав Климтийн амьдрал уран бүтээлийг танилцуулж байна. Густав Климт нь 1862 онд Вена хотын дэргэдэх тосгонд жирийн нэгэн сийлбэрчин, дарханы гэр бүлд мэндэлжээ. Зураачийн хүүхэд нас ядуу зүдүү амьдралын дунд өнгөрсөн тул тэрээр бүхий л амьдралынхаа туршид гэр бүлдээ санхүүгийн туслалцаа үзүүлдэг байв. Густав эхэн үед аавыгаа дагалдан суралцаж байгаад Венийн урлаг, гар урлалын сургуульд суралцан төгссөн. Климтийн ихэнх бүтээлүүд нь 2 эсрэг хүчийг хослуулан зурсан байдаг. Нэг тал нь эрх чөлөөгөөр ангасан байдал, нөгөө тал нь байгаль дэлхийг байгаагаар нь хүлээн авч ойлгож зурах явдал юм. Сургуулиа төгссөний дараахан эхний жилүүдэд Климт зураач Франц Матч  болон дүү Эрнст Климтийн хамтаар урлангаа нээв. Тэд театрын дотоод декорацийн чиглэлээр захиалга авдаг байв. Тэд театрын дотоод засал, чимэглэлийн бүтээлээрээ Австри-Унгарын эзэнт улсад  алдар нь түгтэл амжиллтай ажиллаж байв. Климт 1888 онд  Алтан загалмайгаар шагнуулж, хожим түүнийг алдрын оргилд хүргэх бүтээл болох Хуучин Бург театрын гол танхимыг зурах урилга хүлээн авсан байна. Гэрэл зурагнаас ялгахын аргагүй гүйцэтгэлтэй уг бүтээл нь натуралист чиглэлийн хамгийн шилдэг бүтээлийн нэг юм. Уг бүтээлийг туурвисны дараа Климт Эзэн хааны шагнал хүртэж, дээдсийн хөрөг зураач төдийгүй тухайн цаг үеийнхээ хамгийн шилдэг уран бүтээлч болжээ. Тэрээр классицист зураачдын хүрч чадаагүй  амжилтанд хүрч чадсан юм. Үүндээ сэтгэл ханалгүйгээр улам л шаргуу хөдөлмөрлөн цаг ямагт шинэ урсгал, хэв маяг эрэлхийлдэг байв. Мөн Япон, Хятад, эртний Египтийн уран барилга чимэглэлийн хэв маягуудаас гадна орчин үеийн урлагийн хэв маягийг судлан бүтээл дээрээ туршиж байжээ. 1893 онд тэрээр өөрийн сүүлчийн олон нийтэд зориулсан бүтээл болох Венийн Их сургуульд зориулсан “Гүн ухаан”, “Анагаах ухаан” болон “Хууль зүйн ухаан” бүтээлүүдээ туурвисан боловч харамсалтай нь эдгээр бүтээлүүд нь Дэлхийн II дайны үед устгагдан  зөвхөн хар цагаан хуулбар нь л үлджээ. Сүүлийн жилүүдэд Климт  цөөхөн бүрэн хэмжээний бүтээл туурвисан бөгөөд  энэ үед зурсан зургууд нь түүний уран бүтээлийн хувьслыг тодорхойлдог 1895 онд зурсан “Хайр”, “Хөгжим” зэрэг бүтээлүүд нь юм. 1897 онд дөч гаран уран бүтээлчидтэй нийлж Урлагийн Академиэс татгалзан тусдаа “Австрийн зураачдын эвлэл” нэртэй байгууллага байгуулжээ. Хэдийгээр уг эвлэл нь тодорхой нэг урсгалыг дэмжих зорилгогүй байсан ч классицизмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байлаа. 1898 онд  Климт анхны томоохон хэмжээний захиалгыг Венад амьдардаг Грек худалдаачин Николаус Думбагийн харшид хөгжмийн өрөөг тохижуулах захиалга авсан байна. Климт өрөөний доторх тавилга, эд зүйлсийн зохиомжийг гаргахын хажуугаар “Хөгжим” болон, “Шуберт төгөлдөр хуурын ард” гэсэн хоёр зураг зуржээ. Густав Климтын гайхамшигт хөрөг бүтээлүүдийг нь дурьдвал 1898  онд зурсан “Сониа Нипсийн хөрөг”, 1899 онд зурсан “Серена Ледерерийн хөрөг” нар юм. Климт төгс дүр төрхийг гаргаж зурахын тулд хэдэн зуун ноорог зураг зурдаг байжээ.  Климтын сонгодог зургуудаас дурьдвал 1898 онд зурсан “Паллас Афин”, 1899 онд зурсан “Нүцгэн Веритас” зэрэг бүтээлүүд юм. Түүний сонгодог бүтээлүүдийн өгүүлэмж  нь уламжлалт зурагнуудаас ялгаатай байдаг байсан нь үргэлж шүүмжлэл дагуулдаг байв. Венийн их сургуульд зориулж зурсан зургууд нь тухайн үеийн дуулиан шуугианы бай болж байжээ.
    Климт эдгээр шүүмжлэлүүдийн хариу болгон улам л өдөөн хатгасан маягтай нүцгэн хүмүүсийг дүрсэлсэн  “Алтан загас” бүтээлээ зуржээ. 1902 онд Бетховений есдүгээр симфонийг зургаар илэрхийлэхийг зорьж  “Бетховен Фриез” бүтээлээ туурвижээ.
Энэ үед Климт Венийн томоохон пүүсийн эзэн, олон жил харилцаатай байсан амраг бүсгүй Эмилле Флогийн байшингийн зохиомж дээр ажиллаж байлаа. Энэхүү ажил нь түүний зургийн хэв маягт маш их өөрчлөлт авчирсан юм. 1903 онд Климт ганцаарчилсан томоохон хэмжээний үзэсгэлэн гаргахдаа “Эмилле Флог”-ийн хөрөг зургийг толилуулсан  бөгөөд уг зургийн хэв маяг нь хожим түүний уран зургийн үндсэн арга барил болсон юм. Мөн эдгээр жилүүдэд Климтийн байгалийн сэдэвтэй зургуудад Ван Гогийн хэв маяг ихээр нөлөөлөн 1905 онд  “Наранцэцэгийн цэцэрлэг” болон 1906 онд “Наранцэцэг” бүтээлүүдээ бүтээжээ. Түүний зурсан хөрөг зурагнуудаас дурьдвал 1904 онд “Хермайн Галлия”, 1905 онд “Маргарет Стонбороу-Витгенштейн”, 1906 онд “Фритза Риедлер”, 1907 онд  “Даная”, “Найдвар 2” болон түүний хамгийн алдартай зургуудын нэг болох 1908 онд “Үнсэлт” зураг нь бүтсэн юм. 1910 онд Климт өөрийн Алтан хэв маягаасаа татгалзсан. Энэхүү хэв маягаар зурсан зураачийн сүүлчийн бүтээлүүдийн нэг нь 1908-1910  онд  зурсан “Үхэл ба амьдрал” зураг нь юм. Уг бүтээлээрээ 1911 онд Ромд зохион байгуулагдсан олон улсын үзэсгэлэнд тэргүүн байранд шалгарч байжээ. Гэсэн хэдий ч зураач өөрийн бүтээлдээ сэтгэл хангалуун байгаагүй тул 1912 онд зургийн арын дэвсгэр алтан өнгөө цэнхэр болгон өөрчилжээ. 1911 онд “Стоклет Фриез”  бүтээлээ Брюселлийн Стоклет харшид сүндэрлүүлсэн юм. 1913 онд Климт “Цэвэр ариун” бүтээлээ Мюнхенд танилцуулж, Будапештэд үзэсгэлэнгээ гаргажээ. 1914 онд Прага хотод өөрийн хамтрагчдын хамтаар үзэсгэлэн гаргав.
1915 онд ээж нь насан өөд болсон нь зураачид маш хүнд цохилт болж тэрээр илүү гунигтай, хар бараан өнгөөр зурж эхэлсэн ба 1915  онд “Барбара Флог”, 1916 онд “Фридерик Мария Беер” нарын хөрөг зураг, 1917  онд “Бэр”, “Адам Ева хоёр” зэрэг бүтээлүүд нь юм. Харин сүүлийн хоёр бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй юм. 1917 онд Венагийн болон Мюнхены академийн албан ёсны хүндэт профессор цолыг  хүртсэн юм. Густав Климт 1918 онд нас баржээ.