24.03.2013

Оюунлаг хүн болж болох уу

Хүмүүс бид эхээс төрөхдөө л эсвэл ухаалаг, эсвэл ухаан муутай заяагдсан байдаг гэж зарим хүмүүс ярьдаг. Нөгөө хэсэг нь болохоор “Хүмүүс өсөж бойжихийнхоо хэрээр, ялангуяа амьдралынхаа эхний хэдэн жилд, гол төлөв хүрээлэн байгаа орчин, аав ээж, багш нарынхаа нөлөөгөөр оюун ухааныг олж авдаг” гэж баталдаг. Гэтэл тун хачирхмаар нь философи сэтгэлгээ хөгжиж эхлээд хичнээн зуун жил өнгөрч, шинжлэх ухааны хэдэн арван дорвитой бүтээл энэ чиглэлээр хийгдсэн боловч хүмүүс бид одоо хүртэл хүний интеллект /оюун ухаан/ гэж чухам юуг хэлээд байгааг жинхэнээр нь ойлгож чадаагүй бөгөөд энэхүү нэр томъёог хангалттай түвшинд тодорхойлж ч амжаагүй. Тодруулж хэлбэл, интеллектийг ad nauseam /зайлшгүй шаардлагатай учраас гэсэн утгатай латин хэлний үг/ хэмээн тодорхойлж байгаа боловч эксперт шинжээчид болон сонирхогч судлаач нар энэ талаар бүрэн санал нэгдэж чадаагүй байна.
Иймээс “оюунлиг” болохын тулд эхлээд “интелект” гэсэн нэр томъёог та юу гэж ойлгож байгаа, та өөрийгөө ямар чиглэлээр хөгжүүлэхийг хүсэж байгаагаас бүх зүйл шалтгаална. Интеллектийг оновчтой тодорхойлох, эсвэл хэмжих гэхээсээ түүний үндсэн ойлголттой холбоотой, эсвэл түүнийг тусган харуулж байгаа зарим тодорхойлолтууд болон хүний биеэ авч явах хэв шинжийн тухай тайлбарлах нь хавьгүй хялбар юм. Гэвч хүний интеллект хичнээн нарийн төвөгтэй, үгээр дүрслэн тодорхойлоход бэрхшээлтэй боловч та түүнийгээ ашиглан оюунлиг болох боломж хэзээд хадаглагдаж байгааг санах хэрэгтэй.
Хүний оюун ухааны талаар бид тэр тухай мэдэхгүй байгаа зүйлтэйгээ харьцуулахад маш өчүүхэн бага зүйлийг мэдэж байдаг. Интеллект, сэтгэхүйн судлалтай холбоотой шинжлэх ухаанууд жинхэнэ ёсоор эрчимтэй хөгжиж эхэлсэн сүүлийн хэдэн жилийн дотор л бид тэрхүү мэдлэгийнхээ үндсэн хэсгийг олж авсан. Ийм болохоор мэргэжлийн бус хүмүүсийн хараахан эзэмшиж чадаагүй их хэмжээний мэдээлэл, мэдлэгийн  сан байсаар байгаа бөгөөд хэрэв мэргэжлийн бус тэр хүмүүс өөрийнхөө тархи оюуныг сайтар ашиглаж сурвал амьдралдаа өчнөөн олон амжилт гаргаж чадах байсан билээ. Харин өнөөдөр бидэнд хүн болгоныг ухаалаг болгох боломжтой мэдээлэл, арга технологиуд байгаа юм.
Жишээлбэл, IQ- ийн үзэл санаа бол интеллектийн олон талт ертөнцийг хамарч чадахгүй байгаа нь мэдэгдэж байна. Энэ арга барилууд бол тодорхой зорилгоор, соёлын тодорхой орчинд оюуны чадваруудын тодорхой хэсгийг л хэмждэг. Хатуугаар хэлбэл, хэл, логик, анализ, академик боловсрол болон танин мэдэхүйн чадварууд гэж голдуу нэрлэгддэг интеллектийн тэр талтай бид холбодог тархины “зүүн тал бөмбөлгийн “ ажиллагаа функцийг тооцож дүгнэдэг. Тэгэхээр хүний ухааны ойлголт бол хавьгүй өргөн гэдэг нь илт юм.
Интеллектийн олон төрлүүд байдаг бөгөөд тэдгээр нь янз бүрээр илэрдэг. IQ-ийн өндөр түвшинтэй “толгой сайтай” гэгддэг хүн нийгмийн утгаараа огт хөгжөөгүй, спорт, урлаг, хөгжим, улс төрийн сэтгэлгээний ямар ч дадалгүй г.м байж болдог. Тийм академик өндөр мэргэшилтэй, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн өөр орчин хүрээнд “ухаанаа” огтхон ч гаргаж, бас ашиглаж чадахгүй үе цөөнгүй байдаг. IQ-ийн өндөр түвшинтэй, нас биенд хүрсэн том хүнээс гудамжинд тоглож яваа аравхан настай хүүхэд ч амьдралын өөр, тодорхой нөхцөлд илүү дадамгай, оновчтой байж болно. Тэд голдуу аливаа сургалтын үр дүнг хэмждэг IQ-ийн тестүүдийн дүн, боловсролынхоо түвшнээс үл хамааран “овсгоотой”, эсвэл “ухаантай” байдаг. Иймээс зөвхөн оюуны хөгжлийн төдийгүй, янз бүрийн бусад төрлүүд байдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Бид интеллектийн яг чухам ямар хэв шинжийг эзэмшсэнээрээ, тэр нь бидний амьдралд ямар ашиг авчирж байгаагаар ялгардаг.
Олон сэтгэл судлаачид интеллектийг хүний биеийн өсөлт, нүдний өнгө шиг хэмжиж, урьдчилан таамаглаж болох, тодорхой хэмжээгээр удамшлын хүчин зүйл юм гэж үздэг. Гэвч тархины үйл ажиллагааг судалдаг орчин үеийн олон судлаачид ”Оюун ухааны хөгжилд саад болдог цорын ганц хязгаарлалт нь бидний өөрөө өөрсөддөө тавьдаг тэр хязгаарууд бөгөөд “боломжгүй зүйл”- ийнхээ хязгаарт хэр зэрэг итгэдгээс хамаардаг” хэмээн дүгнэж байна. Израилийн сэтгэл судлаач Ройвен фоейрштайн болон бусад олон тооны эрдэмтэд аливаа хүн ямар ч насандаа, оюуны хөгжлийн ямар ч доод түвшнээс эхлэн ухаанаа хөгжүүлэх боломжтой гэдгийг баталжээ. Өөрөөр хэлбэл, бид ухаалаг болж чадна гэсэн үг. Хэрэв бид интеллектийн янз бүрийн төрлийн бүх тодорхойлолтуудыг авч үзвэл оюуны хөгжлийн хязгаарын тухай хүмүүсийн санал бодол маш өөр байдгийг харж болно.
Магадгүй аливаа хүн хүссэн бүхэндээ хүрч болно хэмээн баталдаг нь бага зэрэг хэтрүүлэг байж болох ч та өөрийн тархи оюуны ашиглагдахгүй байгаа асар их нөөц хүчин чадавхийг нээж эзэмших хэтийн боломжтой юм шүү. Үүнийг өөдрөг үзэл, дэвшилтэт сэтгэлгээ, эсвэл өөр янзаар нэрлэж болно л доо. Гол нь өөртөө, өөрийнхөө потенциал чадавхид итгэх нь хамгийн ухаалаг хэрэг билээ.
Интеллектийн төрөл болгон нь соёл болон хүрээлэлтэй шууд холбоотой байхаас гадна өөрийн үнэ цэнэтэй байна. Тухайлбал ухаантай гэгддэг, ялангуяа эрэгтэй хүмүүст төдий л боломжгүй олон зорилгуудыг нэг зэрэг шийдэхэд хангалттай интеллектийг айл гэрийн олон эзэгтэй нар, олон хүүхэдтэй өрхийн ээжүүд эзэмшсэн байх нь цөөнгүй. Интеллектийн аль ч төрөл шинжийн үнэ цэнэ нь та юунд хүрэхийг хүсэж байгаа, таны амьдрал, таны өөрийн ертөнцөд ямар зорилго тавьж байгаагаас хамаарна. гол нь өөрийн сонгосон зорилгодоо хүрэх найдвартай хэрэгслийг олох бөгөөд тэгж чадвал оюун ухааны үйл ажиллагааныхаа зайлшгүй чухал төрлийг хөгжүүлэх боломж нээгдэнэ.
Таны тархи бол та өөрөө төсөөлж ч чадахгүй олон зүйлийг хийх чадвартай байдаг. Ухаан тань хөгжих тусам таны бүхий л амьдралд үлэмж өөрчлөлтүүд гарч, мэдэгдэхүйц, томоохон үр дүн өгдөг. Бүрэн хөгжсөн интеллект бол амьдралын шинэ шинэ зорилгод хүрэх хаалганы шидэт түлхүүр юм. Та яг хэрэг дээрээ чухам юуг хүсэж байгаа, танд юу чухал байгаа, таныг юу аз жаргалтай болгодгийг мэдэж, өөрийгөө оновчтой дүгнэх нь ухаан хөгжсөний үндсэн шинжүүдийн нэг юм. 
Амь зуух овсгоо
“Ухаан гэдэг ойлголт бол хамгийн түрүүнд хүрээлж байгаа орчноос хамаардаг. Жишээ нь:Рио-де-Жанейро, эсвэл Калькутта хотын гудамжны хүүхэд бол өөрийн төрөлх орчин дотроо байхдаа гэнэн жуулчныг төвөггүй хуурч дөнгөх бөгөөд мөнөөх жуулчнаа “Мөн тэнэг хүн ээ” гэж дүгнэх нь олонтоо. Нөгөө талаас, дээд зэргийн ухаантай профессор хүн жирийн ямар ч хүн хялбархан чадах өдөр тутмын ахуй амьдралын ажил, нөхцөлд тун эв дүйгүй байх нь бий. Энд бол зарим үед академик интеллект шинжээс багагүй чухал болж ирдэг . “Овсгоо”, эсвэл интеллектийн нэг ч төрөл хэлбэр нь бидний ухамсарт “мэргэн”, “сэргэг ухаан”,”ухаж ойлгох чадвар”,”хүртэхүй”,”хурц ухаан” гэх мэт оюун ухаантай бүхэлдээ холбогдон ойлгогдож явдаг бусад олон ойлголт, нэр томъёоны бүрэн ижил хувилбар нь болж чаддаггүй. Энэ ойлголтуудын нэг нь ч туйлийн урьтал болж чадахгүй бөгөөд бидэнд төрөлхөөс заяагдаагүй юм. аль нь ч хөгжүүлэх шаардлагатай боломж л юм. Чухам ийм учраас яг ямар ухаан бидний өөрсдийн бодит амьдралд хэрэгтэй байгааг эхлээд таньж, сонгож авах нь туйлийн чухал.

Оюуны чадварын IQ төв

17.03.2013

Цэргийн баярын мэнд хүргэе


Нууцлах хэнээрхэл


БНАГУ-ын Гадаад тагнуулын албаны дарга асан Маркус Вольф[1] дурсамж номондоо ЗХУ-ыг “Нууцлах хэнээрхэл”-тэй хэмээн дурдсан байдаг.
Тэгвэл Монгол улс “Нууцлах хэнээрхэл”-тэй улс мөн үү гэвэл мөн гэж хариулж болно. Учир нь төрийн нууцын тухай, төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулиас эхлэн нийт 18 хуульд бүхий л салбарын янз бүрийн мэдээллийг нууцлах тухай тусгасан байдаг ч нууц мэдээллийг ил болгох эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байдаг. Харин УИХ нууц мэдээллийг ил болгох шийдвэр гаргаж байгаагүй гэхэд болно. Ийм нөхцөлд Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт заасан мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ эдлэх боломж хязгаарлагдмал байсаар байх болно.

“Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулиуд цаг үеэсээ хоцорсон, нууцлах хүрээ өргөн, тодорхойгүй гээд олон асуудлын талаар “Глоб интернэшнл”, “Нээлттэй нийгэм форум”-аас явуулсан судалгаа, тайлангуудад олонтаа дурьдсан байдаг. Магадгүй дээр дурьдсан сөрөг асуудлуудын үндэс нь “Байгууллагын нууцын тухай” хууль юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 17 дахь хэсэгт Монгол Улсын иргэн нь төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй”[2] хэмээн заасан байдаг.
Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу 1995 онд УИХ “Төрийн нууцын тухай”, “Төрийн нууцын жагсаалт батлах тухай” хуулиудтай хамт “Байгууллагын нууцын тухай” хуулийг батлан гаргасан. Өөрөөр хэлбэл төр нууцтай, түүний байгууллагууд нууцтай байна гэсэн үг.

“Төр бол тодорхой эрх зүйт дэг журмыг сахиулж байхын тулд жам ёсоор үүсэн гарч ирсэн эрх мэдлийн байгууллага” гэсэн тодорхойлолт байдаг.
Тэгэхээр төрийн байгууллага бол төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс тодорхой мэдээллийг нууцлах бол хууль, журмын дагуу төрийн нууцад хамааруулж болмоор.

Байгууллагын нууц[3]ын тухай ойлголтыг гол төлөв бизнесийн үйл ажиллагаанд хамааруулах шүүхийн практик хандлага нийтлэг байгаа бөгөөд дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байхыг шаарддаг байна.
-       Мэдээлэл нь тодорхой нэг хуулийн этгээд, ямар нэгэн бизнесийн байгууллагатай шууд холбоотой байх,
-       Тухайн мэдээлэл нь нээлттэй биш байх, өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал тооны этгээдүүд мэдэж байх,
-       Бизнесийн байгууллагын эзэмшигч нууц болгон хадгалах хүсэлт гаргасан байх,
-       Бизнесийн байгууллага ажилтантай гэрээ байгуулан байгууллагын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээлгэн, зохицуулалт хийх[4] зэрэг юм.

Энэхүү шаардлага нь гол төлөв аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, түүний бизнесийн нууцын асуудлууд байх тул “Аж ахуйн нэгжийн тухай” хууль болон “Компаний тухай” хуулиудаар зохицуулах боломжтой юм.
Харин шаардлагатай тохиолдолд хувь хүн, аж ахуйн нэгжийн нууц мэдээллийг төрийн нууц мэдээлэлд хамааруулж болох бөгөөд ингэхдээ хувь хүн, аж ахуй нэгжтэй тохиролцох ба эс тохиролцвол албадлагаар төрийн нууц мэдээлэлд хамааруулж, зардлыг төрөөс гаргаж болмоор.  

Гадаад орнуудад байгууллагын нууц гэх ойлголт бараг байхгүй бөгөөд конфиденциаль мэдээлэл гэж байдаг. Үүнд: Албаны нууц, бизнесийн нууц, цэргийн нууц, мөрдөн байцаах ажиллагааны нууц, шүүхийн нууц, банкны нууц, мэргэжлийн нууц, татварын нууцыг хамааруулж ойлгодог. Харин мэргэжлийн нууцад: Эмчийн, холбооны, өмгөөлөгчийн, даатгалын, иргэний бүртгэлийн, үрчлэлийн, нотариатын нууцыг хамааруулж 30 орчим нууцын төрлийг хуульчлан зохицуулсан байдаг байна.

Манай улсын хувьд Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож төрийн нууцын тухай хуульд “Албаны нууц” гэсэн зэрэглэл нэмж оруулснаар дээрх сөрөг үр дагаврыг багасгах гарц байж болохыг судлаачийн хувьд үгүйсгэхгүй байна.

“Нууцлах хэнээрхэл”-тэй болгож буй дараагийн асуудал бол төрийн нууц мэдээлэлд хамааруулж болохгүй мэдээллийн тухай ойлголт юм.
Манай улсын хуулинд ийм ойлголт байхгүй бөгөөд гадаадын олон улсад үүнийг хуулиндаа тусгасан байдаг. Тухайлбал:

Төрийн нууцын тухай Литва улсын хуульд дараахь зүйлсийг төрийн нууцад хамааруулах ёсгүй гэж заажээ:
-       Эдийн засаг, санхүүгийн байдал, эрүүл мэндийн халамж, боловсрол, экологи, нийгэм, хүн амын байдал, нийгмийн судалгааны талаархи статистик мэдээ;
-       Байгалийн аюул, гамшиг, түүний үр дагаврын талаархи мэдээлэл;
-       Гэмт хэргийн үүсэл гарлын байдал, авилгал, албан хаагчдын хууль бус үйлдэл, хүний эрхийн зөрчлийн талаархи мэдээлэл;
-       Хөдөлмөрийн зах зээл, олон нийтийн байгууллагын албан хаагч, ажилтнуудын цалин, хангамж, баталгааны талаархи мэдээлэл;
-       Литва улсын төсвийн хэрэгжилтийн талаархи мэдээлэл;
-       Нуун дарагдуулснаар хүний эрх зөрчихөд хүргэхүйц мэдээлэл.

ОХУ-ын Төрийн нууцын тухай хууль нь дээрх жагсаалтаас гадна алт, мөнгөн тэмдэгтийн нөөц ба Засгийн газрын өндөр дээд албан тушаалтны эрүүл мэндийн байдал нь төрийн нууцад хамаарахгүй аж. Ийм мэдээллийг төрийн нууцад хууль бусаар оруулсан албан тушаалтанд захиргаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заажээ.

Беларус улсын нууцын тухай хуульд “Тухайн мэдээллийг алдсанаас үүсэх зардал нь нууц байдалд нь хадгалсаар байх зардлаас бага байвал тэр мэдээллийг төрийн нууцад хамруулах ёсгүй” гэсэн онцлог заалт байдаг байна.  

Казахстаны нууц мэдээллийн тухай хуульд “Архивын материал болон хэлмэгдүүлэлтэд хамаарах материалыг төрийн нууцад хамааруулах ёсгүй”  гэдэг заалт орсон байдаг. Гүржид дээрх заалт, мөн “газрын зураг”, “эрх зүйн акт”-ыг төрийн нууцад хамруулж болохгүйд хүргэсэн заалт байна.

“Нууцлах хэнээрхэл”-ээс салах эхний алхам бол Байгууллагын нууцын тухай хуулийг хүчингүй болгож төрийн нууцын тухай хуульд “Албаны нууц” гэсэн зэрэглэл нэмэх, нууцалж болохгүй мэдээллийн жагсаалтыг хуульчлах явдал гэсэн дүгнэлтэд хүрч болно.


[1] Маркус Вольф “Нүүр нь үл харагдагч хүн” 2002 он. Улаанбаатар хот. (Орчуулсан О.Бямбаа, Г.Дашдаваа)
[2] Монгол Улсын Үндсэн хууль 1992 он.
[3]  “Байгууллагын нууц” гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд, тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ.
[4] Нээлттэй нийгэм форум “Төрийн нууцын тухай өнөөгийн хандлагыг өөрчлөх замаар иргэдийн мэдэх эрхийг хангах нь” 2010 он.

02.03.2013

Зорилгоо тодорхойлох аргууд

Зорилго нь хүний амжилт, аз жаргал, сайн сайхан бүхний эх булаг нь билээ. Тэгвэл та зорилготой юу? Та зорилгоо хэрхэн тодорхойлдог вэ? Зорилго хүнийг амжилтанд хүргэдэг гол хүчин зүйл гэдэг. Зорилгогүй хүн салхины аясаар хөдлөх цаас адил байдаг ч гэж хэлдэг. Гэхдээ зорилго тавина гэдэг нь зөвхөн тэгнэ, ингэнэ гэж хэлэх бус, харин яагаад тухайн зүйлийг зорилгоо болгох болсоноо мэддэг, хэрхэн зорилгодоо хүрэх, зорилгодоо хүрэхийн тулд яах ёстой гээд бүх зүйл тодорхой болгох ёстой байдаг байна. Гэтэл хүмүүс зорилгыг зөвхөн толгойдоо бодож явах ёстой зүйл мэтээр боддог. Гэтэл зорилгыг зөвхөн бодож явах нь хий хоосон мөрөөдөл л

болон хувирдаг. Энэхүү зөвлөгөөг уншсаныхаа дараа та зорилготой явж байсан уу, эсвэл зөвхөн мөрөөдөж явсан уу гэдгээ мэдэх болно.
  1. Зорилго тодорхойлох явцад хийх ёстой хамгийн анхны бөгөөд хамгийн чухал алхам бол зорилгоо бичих. Зорилгоо бичсэнээр таны зорилго зөвхөн бодол төдий байхаа болино гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн зорилгоо бичих нь хангалттай биш. Та зорилгоо бичихдээ “ тэгмээр байна, тэгнэ ингэнэ гэж бичихээсээ илүү зорилгоо яг тодорхой байдлаар буюу яг ямар байхыг нь нарийн төлөвлөж бичсэн байх ёстой байдаг. Гэтэл хүмүүс зорилгоо бичнэ гэдгийг ганц өгүүлбэрээр өөрийн хүслээ бичихтэй адил гэж боддог юм.
  2. Зорилгоо биелүүлж эхлэхээсээ өмнө та өөрөөсөө дараах асуултыг асуух ёстой. Гэхдээ та маш зөв, бөгөөд үнэн хариулах ёстой юм.Эс тэгвээс зорилгодоо хүрэх зам тань буруу болох болно. Та яагаад тухайн зорилгыг сонгосоноо мэдэхгүй байх нь таныг дуусан дуустал зорилгынхоо төлөө явахгүйг илтгэж байгаа хэрэг гэж ойлгож болох юм. Тэгэхээр та яагаад тухайн зорилгыг сонгох болсноо тодорхой шалтгаануудаар нь дараалуулан бичих ёстой. Хэдийчинээ байх тусам та зорилгодоо үнэнч байна гэсэн үг.
  3. Та зорилгоо “том тавьж”, харин зорилгодоо хүрэх зорилтуудаа бага багаар хийх ёстой. Ингэх нь таныг зорилготой тань байнга холбож байх болно. Тэгэхээр та байнга идэвхтэй байдалд байхын тулд өмнөх орой нь маргааш юу хийх билээ гэдгээ бүгдийг нь бичих хэрэгтэй байдаг юм.
  4. Дараагийн чухал алхам бол та өөртөө өдөр бүр 15 мин гаргаж, тухайн өдөр юу хийж бүтээснээ, юуг хийж дуусгасан, ямар амжилт гаргаснаа бичиж байх юм. Энэ алхам таны амьдралыг үнэхээр өөрчилж чадна гэдэгт та итгээрэй. Энэ алхамыг хийдэг хүмүүс маш бага байдаг гэдгийг та мэдэх байх. Ингэж бичсэнээрээ та өөрийгөө идэвхжүүлж байгаа хэрэг. Яваандаа та өөрийгөө зорилгодоо алхам алхамаар ойртож байгааг мэдрэх болно. 30 хоног ингэж бичсэний дараа та ингэж бичихгүйгээр унтаж чадахаа болих болно.
  5. Танд зорилгоо биелүүлэх боломжит мөч ирэх байх гэж та хүлээдэг үү? Чухам хэзээ тэр мөч нь ирэхийг яаж мэдэх юм бэ гэж та бодож байгаа байх. Тэгвэл тэр мөч нь “ Яг одоо” юм. Минут секунд тутам танд чухал мөч байх ёстой. Та хэзээ ч зорилгодоо хүрэх үйлдэлийг хийж болно. Хэзээ ч эртэднэ гэж үгүй. Маргааш гэж бүү хэл. Даваа гаригаас эхэлнэ гэж бүү хэл. Гагцхүү яг одооноос эхлэх ёстой.
  6. Та үр бүтээлтэй байхын тулд аливаа зүйлийг хойш тавьдаг занг хаях хэрэгтэй. Хэрвээ танд ийм зан байгаа бол дараах аргаар засаж болно. Дараагийн удаа та өөрийгөө ямар нэг зүйлийг хойшлуулах гэж буйг мэдэх аваас цаас гаргаад бичих хэрэгтэй. Та хувцасны шүүгээгээ янзлах гэж байна. Гэтэл танд зав гарахгүй юм шиг санагдаж, түүнийг хийвэл өдөр өнгөрчих юм шиг санагдаж байвал :
  7.  Таны үр бүтээмжийг 125%-р дээшлүүлэх арга.
Та хийж буй зүйлээсээ таашаал авах ёстой. Өөртөө сонирхолтой байдлыг бий болго.
Хэрвээ та өдөрт 3 хуудас юм бичдэг бол 4 хуудас юм бичиж чадах эсэхийг шалгаж,өөрийгөө сорих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө хичнээн хуудас бичиж чадахыг шалгаж болно шүү дээ. Та үр дүнг нь хараарай. Та одоо хийж байгаагаасаа 125% аар илүү зүйлийг хийж чадна. Энэ таны амьдралыг бүхлээр нь өөрчлөх болно. Тэгэхээр та хамгийн гол нь аливаа ажлыг сонирхолтой болгох хэрэгтэй.

Ингээд та зорилгодоо хүрэх, зорилгоо зөв тодорхойлох 7 аргаас суралцлаа.

                                                                                                         http://sprinter.miniih.com/